1984 оны арванхоёрдугаар сарын 3-ны өглөө Энэтхэгийн Бхопал хотод химийн үйлдвэрт томоохон осол гарчээ. Бхопалын ослыг химийн үйлдвэрлэлд тохиосон Хирошима гэж нэрлэдэг. Уг ослын улмаас ганцхан цагийн дотор хагас сая гаруй хүн хордсон гэдэг. Осол гарсан өдөр 4000 орчим, хоёр долоо хоногийн дотор 8000 хүн амиа алдсан гэсэн судалгаа байдаг. Дэлхий дахин үүн шиг аймшигтай техникийн ослыг мэдэрч байсангүй. Цаашид ч битгий мэдрээсэй гэж найдаж сууна. Ингээд “Вести”-гийн хамгийн аймшигтай долоон ослын жагсаалтыг танилцуулж байна.
Бхопалын осол
Бхопалын аймшигтай ослын шалтгааныг өнөөг хүртэл албан ёсоор тогтоогоогүй байна. Энэ асуудлаар олон таамаглал дэвшүүлсний дотор техникийн аюулгүй байдлыг бүдүүлгээр зөрчсөн, үйлдвэрийн ажлыг санаатайгаар тасалдуулсантай холбоотой гэж үзэх нэгэн ч бий.
Хамгийн тодорхой зүйл нь тэр шөнө хортон шавж устгах бэлдмэл үйлдвэрлэдэг “Union Carbide” химийн үйлдвэрээс үхлийн аюултай хий ялгарч, ойролцоох газар нутагт хортой үүл хуралдсан аж. Үүний улмаас унтаж байсан хүмүүсийн хоолой, нүд тэвчихийн аргагүй хорсож сэржээ.
Ингээд ослоос хойш хэдхэн цагийн дотор 3787 хүн амиа алдсан байна. Энэ бол албан ёсны статистик тоо баримт. Харин албан бус тоо баримтаас үзэхэд ослын улмаас 8-10 мянган хүн амиа алдсан аж. Байгаль дэлхий ч хордож, модны навч унаж, өвс шарлаж, энд тэндгүй үхсэн амьтад хэвтэж байсан гэдэг.
Энэ аймшигт үеэс хойш хэдэн жилийн дотор 16 мянга орчим хүн нас барж, хэдэн арван мянган хүн сохорсон түүхтэй. Бхопалын ослоос хойш 29 жил өнгөрсөн ч хэдэн мянган хүн зовж шаналж сууна.
Чернобылийн осол
1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд ХХ зууны хамгийн том осол гарсан. Хуучин ЗХУ-ын газар нутагт орших Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай цөмийн осол гэж үздэг. Уг дэлбэрэлтийн улмаас реактор тэр аяараа эвдэрч, эргэн тойронд их хэмжээний цацраг идэвхт бодис цацсан юм. Ослоос хойш гурван сарын дотор 31 хүн амиа алдсан.
Харин 15 жилийн дотор цацрагийн хордлогоор 80 хүн таалал төгсчээ. Мөн 134 хүн цацрагийн янз бүрийн түвшний өвчин туссан байна. Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа реактороос 30 км-ийн радиуст амьдарч байсан 135 мянга гаруй хүн, 35 мянган тоо толгой малыг нүүлгэн шилжүүлсэн.
Украин, Белорусын хилийн ойролцоох станцын эргэн тойронд хориотой бүс тогтоожээ. Харин шатаж буй реактороос гарсан үүл Европ, ЗХУ-ын асар уудам газар нутагт янз бүрийн хэмжээтэй цацраг идэвхт бодис тараасан гэдэг.
“Piper Alpha” нефтийн тавцангийн дэлбэрэлт
1988 оны долоодугаар сарын 6-нд “Piper Alpha” нефтийн тавцанд дэлбэрэлт болжээ. Энэхүү дэлбэрэлтийг нефть олборлох салбарын түүхэн дэх хамгийн том осол гэж үздэг. “Piper Alpha” нь дэлхий дээр бүрэн шатсан цорын ганц нефть олборлолтын тавцан юм. Үүний улмаас хий алдагдаж, хэд хэдэн дэлбэрэлт болж, тавцан дээр байсан 226 хүний 167 нь амиа алдсан түүхтэй. Үүнийг Америкийн нефтийн “Occidental Petroleum” компани эзэмшдэг байсан гэдэг.
Тулузагийн химийн үйлдвэрийн дэлбэрэлт
2001 оны есдүгээр сарын 21-нд Францын Тулуза хотын “AZF” химийн комбинатад гарсан дэлбэрэлтийг техникийн томоохон осолд тооцдог. Энэ ослын улмаас бэлэн бүтээгдэхүүний агуулахад байсан 300 тонн нитрат аммони дэлбэрсэн гэдэг.
Албан ёсны эх сурвалжаас үзэхэд үүнд тэсрэх бодисын аюулгүй байдлыг хангаж чадаагүй үйлдвэрийн удирдлагууд буруутай байсан гэдэг. Дэлбэрэлтээс болж 30 хүн амиа алдаж, 300 гаруй нь гэмтэж бэртэн, хэдэн мянган орон сууц, барилга нурж гэмтжээ. Тодруулбал 80 орчим дунд сургууль, хоёр их сургууль, 185 цэцэрлэг эвдэрч, 40 мянга орчим хүн орон гэргүй болсон бол 130 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа хаахад хүрчээ.
Кемерово мужийн уурхайн цуврал дэлбэрэлт
2007 оны гуравдугаар сарын 19-нд ОХУ-ын Кемерово мужийн “Ульяновская” уурхайд метан дэлбэрсний улмаас 110 хүн амиа алджээ. Эхний дэлбэрэлтээс 5-7 секундын дараа дөрвөн цуврал дэлбэрэлт болж, нуранги үүссэн. Энэ үеэр ерөнхий инженер, уурхайн бараг бүх удирдлага амиа алдсан гэдэг. Энэ бол нүүрсний уурхайн хамгийн том ослын нэг юм.
Саян-Шушений УЦС-ын осол
Енисей мөрөнд байрлах Саян-Шушений усан цахилгаан станцад 2009 оны наймдугаар сарын 17-нд томоохон осол гарчээ. Гидроагрегатын нэгийг засварлах үеэр гарсан энэхүү ослын үеэр 75 хүн амиа алдаж, бүс нутгийн экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд сөргөөр нөлөөлсөн гэдэг.
“Фүкүшима-1” АЦС-ын осол
Японы зүүн хойд хэсэгт орших “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн уршгаар сүүлийн 25 жилд тохиогоогүй томоохон осол гарсан. Есөн магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс болж 14 метр цунами үүсч, атомын цахилгаан станцын зургаан реакторын дөрвийг нь усанд автуулжээ. Ингээд реакторын хөргөлтийн систем эвдэрч, устөрөгчийн цуврал дэлбэрэлт болсон байна.
Уг ослын улмаас гадаад орчинд цацраг идэвхт бодис алдагдаж, ундны ус, ногоо, цай, мах болон хүнсний бусад бүтээгдэхүүнээс илэрсэн аж. Ослын шалтгааныг бүрэн арилгахад дор хаяж 40 жил шаардлагатай.
http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=11318
http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=11318
1 comment
Munkhnar eejee