Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 201301000330 дугаартай Ш.Батхүүд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагч “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт банк Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан. Стандарт банк Пи Эл Си нь Олон улсын Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны есдүгээр сарын 20, 2017 оны тавдугаар сарын 22-ны өдрийн шийдвэрүүдээр нийт 92,685,803.16 ам доллар буюу 215,388,407,342.54 / хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учирсан,
– Мөн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх хэрэгт 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.