НИТХ-ын хуралдаанаар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэж байна Өнөөдрийн /2019.01.28/ хуралдааны эхэнд өмнөх ээлжит бус VI хуралдааны тухайд хэлэлцэгдээгүй үлдсэн сүүлийн асуудал болох НИТХ-ын дотоод зохион байгуулалт буюу Хороодын дарга, гишүүдийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэхээр болоход НИТХ дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва тухайн асуудалтай холбогдуулан нэг цагийн завсарлага авах хүсэлт гаргасан тул ээлжит бус VI хурлыг завсарлууллаа. Үүний дараагаар НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг эхэллээ. Хуралдаанд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчөөс бусад 30 төлөөлөгч ирснээр 66 хувийн ирцтэйгээр хурал эхэллээ.
“Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг батлах тухай, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг батлах тухай, Мал аж ахуйг эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон. Хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай асуудлын хурлын эхэнд хэлэлцэх горимын саналыг төлөөлөгч Н.Батсүмбэрэл гаргасны дагуу санал хураалт явуулахад олонх нь дэмжсэнээр тухайн асуудлыг эхэнд татан авч хэлэлцлээ.
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцуулав. Агаар, хөрсний бохирдлын 80% нь гэр хорооллоос үүдэлтэй. Энэ нь нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хамаарагддаг. Гамшгийн хэмжээнд хүрээд буй агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлыг богино, дунд, урт хугацааны таван чиглэлд төлөвлөн хэрэгжүүлж тодорхой үр дүнг харуулж байна гэдгийг холбогдох албанаас онцоллоо. Тухайлбал, нийслэлийн хүн амын шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтвортой, нягтрал гадагшаа чиглэж байгааг тодотгов.
2017 онд 9567 хүн нийслэлд албан ёсоор шилжин ирсэн бол 10162 иргэн шилжин явсан, харин 2018 онд 6141 хүн шилжин ирж 7100 хүн шилжин явсан тоон үзүүлэлт нь нийслэлийн хүн амын нягтрал гадагшаа чиглэж байгааг харуулж байна гэв. 2018 оны эцсийн байдлаар 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь арваас дээш жилийн насжилттай байгаа нь анхаарал татсан асуудал болж байгааг Ж.Батбаясгалан дарга танилцуулгадаа онцоллоо. Учир нь агаарын бохирдолд нөлөөлөх нэг хүчин зүйл нь нийтийн тээврийн угаар юм. Иймд нийтийн тээврээс дээрх асуудалд онцгойлон анхаарч насжилт дууссан тээврийн хэрэгслийг явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тодотгов. Хуралдаан төлөөлөгчдийн асуулт, саналаар үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ