Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– УИХ-ын дарга М.Энхболдыг ээлжит бус чуулган хуралдуулаагүй хууль зөрчсөн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өнөөдрийг хүртэл ярьж байна. УИХ-ын дарга хууль зөрчин шийдвэр гаргаад байна уу. Хуулиндаа юу гэж тусгасан байдаг юм бол?
– За, энэ талаар нэлээн дуугүй явсан даа. Одоо хариулт өгөх цаг нь болсон байх. Долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын өрөөний үүдэнд хэвлэлийн хурал хийсэн. Та бараг санаж байгаа байх. Сэтгүүлчид цугларсан байсан. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагаа өөрийн биеэр УИХ-ын даргад оруулж өгсөн юм билээ. Оюун-Эрдэнэ гишүүнийг өрөөнөөсөө гармагц УИХ-ын дарга намайг дуудуулсан. Намайг ороход УИХ-ын дарга “Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс ийм шаардлага ирлээ” гэсэн. Тухайн үед наадмын өмнөх өдөр байсан тул наадмын уур амьсгал орчихсон Төрийн ордон эль хульхан байлаа. Би шаардлагыг нь уншаад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг тоолж үзэхэд 22 гишүүн байсан. Үндсэн хууль болон Улсын Их хурлын тухай хуульд ээлжит бус чуулган хуралдуулахын тулд 26 гишүүн гарын үсэг зурах шаардлагатай. Энэ албан бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна” гэдгийг УИХ-ын даргад хэлсэн. УИХ-ын дарга тэр бичгээ өөрөө үзээд, гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг тоолсон. М.Энхболд дарга “Гишүүд алдчихдаг юм байх даа. Оюун-Эрдэнэ гишүүнтэй өөрөө нэг уулзаад энэ талаар нь хэлээрэй” гэсэн.
Маргааш нь би Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй утсаар ярьж байгаад уулзсан. Өрөөнд нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс гадна УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Энхболд нарын гишүүд байсан. “Оюун-Эрдэнэ гишүүн ээ, таны өгсөн албан бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна. 26 гишүүн гарын үсэг зурснаар хуулийн шаардлага хангагдана. Яг энэ бичгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй” гэдгийг хэлсэн. Тухайн үед гурван гишүүн тойруулж үзсэн. Өөрт нь байгаа хувьтайгаа тулгаж үзээд байсан.Би “УИХ-ын гишүүн УИХ-ын даргатай харьцсан бичгийг өөрчлөх ёс зүй бидэнд байхгүй. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад хандаж шалгуулна биз дээ. Албан бичгийн үнэн зөвийг тогтооход их амархан” гэж хэлээд гарсан. Энэ бичиг одоо үндсэн эхээрээ УИХ-ын Тамгын газар хадгалагдаж байгаа.
Харин долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүнд албан бичгээр ирүүлсэн бичиг нь 26 гишүүн гарын үсэг зурсан байх хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн.
– Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх байсан бил үү?
– Тийм. Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн зүгээс АТГ-ын даргыг томилсон шийдвэр нь хууль бус байна. Хүчингүй болгож өгнө үү гэдэг асуудлыг тавьсан. Энэ хүрээнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу гэж УИХ-ын даргын зөвлөл хоёр удаа хуралдсан. Даргын зөвлөлийн хурлаар эрхлэх асуудал нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах тул холбогдох байнгын хороог нь хуралдуулах нь зүйтэй гэсэн юм. Тэр дагуу Хууль зүйн байнгын хороо хуралдах гэж хоёр удаа товлогдсон ч ирц нь хүрээгүй тул хуралдаж чадаагүй. УИХ-ын дарга хэзээ ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэж хэлээгүй.
– Уг нь 26 гишүүнээрээ гарын үсэг зуруулаад ороод ирсэн бол тухайн үед ч тэр, одоо ч тэр УИХ-ын дарга хууль зөрчлөө гэж удаа дараа мэдэгдэл хийх шаардлагагүй байжээ дээ. Хуульд нийцээгүй албан бичгээ зориуд мушгиж байна гэж ойлгож болох уу?
– Би улс төрийн зорилгоор яриад байгаа юм биш. Сонссон зүйлээ ч яриад байгаа юм биш. Энэ бүх үйл явдал яг миний нүдний өмнө болж өнгөрсөн. Өөрийнхөө нүдээр харж, биеэр оролцсон үйл явдлыг л ярьж байна. Энэ албан бичиг, үйл явдал нь хууль зүйн үр дагавартай зүйл шүү дээ. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль дэгийн асуудлаар УИХ-ын даргад зөвлөх үүрэгтэй. Энэ миний ажил үүргийн хувиарт байдаг зүйл. УИХ-ын даргын өрөөнд хэд хэдэн удаа орж уулзахдаа “Та 22 гишүүний гарын үсэгтэй бичгийг үндэслэж ээлжит бус чуулган зарлан хуралдуулбал Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болно. 26 гишүүн гарын үсэг зурсан байсан бол асуудал байхгүй” гэдгийг хэлсэн. УИХ-ын даргын хувьд нэг талаас нь Тамгын газар нь ээлжит бус чуулган зарлах эрх танд байхгүй гээд, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн “УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласангүй хууль зөрчлөө” гээд л хагас жил боллоо.
– Ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй гээд Үндсэн хуулийн Цэцэд өгчихсөн байгаа. Цэцийн шийдвэр гараагүй санагдаж байна…
– Иргэд ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм билээ. Цэцээс маргаан үүсгэх эсэх асуудал нь яригдаж байгаа. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага,Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэр утгаараа УИХ, УИХ-ын Тамгын газар Үндсэн хуулийн Цэцэд маш хүндэтгэлтэй ханддаг. Энэ хугацаанд болсон үйл явдлын талаар тайлбар авсан. Нотлох баримтаар маш олон бичиг баримтыг татаж авсан. Асуудлыг нь шалгаж байгаа гэж бодож байна. Эцсийн шийдвэр гараагүй. Хэн гэсэн ч Цэцийн шийдвэр яаж гарахыг тааварлах аргагүй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хурдхан гарч уг асуудал эцэслэн шийдэгдээсэй билээ л гэж бодож байна.
– Цэц худалдагдсан УИХ-ын даргын талд орсон шийдвэр гаргасан гээд гишүүд мэдэгдэл хийгээд байсан?
– Битүрүүн хэлсэн, Цэцийн албан ёсны шийдвэр гараагүй байна. Тэндээс ямар шийдвэр гарахыг нь хэн ч мэдэхгүй. Ямар үндэслэлээр тийм мэдэгдэл хийснийг өөрсдөө л тайлбарлах байх. Үндсэн хуулийн Цэцийн шүүгч бие даасан, хараат бус байдлаар гагцхүү Үндсэн хуульд л захирагдаж ажиллах ёстой. Цэцийн гишүүн шийдвэрээ гаргаагүй байхад ингэнэ, тэгнэ гэж таамаглал дэвшүүлж ярих боломж байхгүй.
– Сүүлийн хэд хоногт байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрдэхгүйн улмаас төрийн ажил цалгардаж байна гэдэг шүүмжлэл гарч байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд байр суурийг тань сонирхмоор байна л даа?
– Төрийн албан хаагч тодорхой тоо, баримт дээр л тулгуурлаж ярих ёстой. Энэ удаагийн Их хурлыг өмнөх Их хурлуудтай харьцуулахад чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн идэвх, ирц оролцооэрс сайжирсан. Сүүлийн долоо хоногийн тухайд улс төрийн нөхцөл байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй та мэдэж байгаа. Цаг үеийн улс төрийн байдлаас болж гишүүд хуралдааныг орхиж гарах, хуралд оролцохгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ нь аль ч парламентад байдаг л зүйл. Гэхдээ Их хурлаар хугацаатай шийдэх ёстой асуудлуудыг гацааж огт шийдэхгүй орхигдуулж байгаа зүйл байхгүй. Чуулганы хуралдаан товлосон цагтаа хуралдаж улсын төсөв, мөнгөний бодлогоос эхлээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, Дэгийн тухай хуулиар хугацаа зааж орж ирсэн хуулиудыг хугацаанд нь хуулийн дагуу шийдвэрлээд л явж байгаа.
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санаачилга гарган Их хурлын даргад хүргүүлсэн. Парламентын зарим гишүүд Их хурал тарж, ард түмэндээ очиж дүнгээ тавиул гэдгийг ч яриад эхэллээ. Хууль зүйн хувьд тарах боломжтой юу. Тарлаа гэж бодоход дараагийн парламент бүрдэж шинэ гишүүд тангараг өргөх хүртэл одоогийн парламент үйл ажиллагаагаа явуулна биз дээ?
– Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаад 26 жил болж байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн хамгийн эхэнд Монгол Улс бол тусгаар тогтносон, Бүгд найрамдах улс гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, бидний хамгийн үнэ цэнэтэй хоёр зүйлийг онцолж хэлсэн байгаа биз. Тусгаар тогтнол, нөгөөх нь ардчилсан сонгуулиар төрийн эрх барих байгууллагаа сонгодог төрийн хэлбэрийг л хэлээд байгаа юм.
Парламент сайн, муу ямар ч байж болно. Гэхдээ Монголын нийт ард түмнээс ардчилсан сонгуулиар нийт иргэдээ төлөөлөн гарч ирсэн хүмүүс лтөрийн эрхийг барьж байгаа гэсэн үг. Монгол Улсын Их Хурал тарах хэмжээнд арай ч хүрэхгүй байлгүй дээ. Сайн байна, муу байна. Тарах уу, таръя гэж яриад шийдчихдэг ч асуудал биш.
Эх сурвалж: todnews.mn