Аймаг дамнан мал хулгайлдаг бүлэглэлийг саяхан илрүүлсэн. Тэгвэл үүнээс ч том хулгайчдыг цагдаагийн байгууллага саатуулжээ. Тэд тамга тэмдэгтэй, хашаа, зоорь сав, хамгаалалтын албатай гээд бүхэл бүтэн аж ахуйн нэгжийн хэмжээнд хүрсэн байна. Сэжигтнүүдийг Төв аймгийн Эрдэнэ сумаас баривчиллаа. Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтай гэх газраас бусдын гурван тооны үхрийг хулгайлан Налайх дүүрэгт байрлах өөрийн хашаандаа ухсан зооринд төхөөрч махыг нь тушаасан байна. Энэ үйлдлийг “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЭЦА-ны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлсэн байна.
Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг дээрх бүлэглэл амбаартай портер, пирус машин зэрэг автомашин ашиглаж дээрх хулгайн хэргээ үйлджээ. Үүнээс гадна өнгөрсөн оны 10 сараас эхлэн тэд бусдын малыг бэлчээрт “зээрчлэн” төхөөрсөн зэрэг 10 гаруй үйлдлээ хүлээсэн байна. Дээрх хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хулгай хийх арга барил үйлдэл нь ноцтой. Учир нь тэд таны харж байгаа битүү бүхээгтэй автомашин, суудлын жижиг тэрэг зэргээр тоноглогдсон. Ингээд тэд хөдөөгүүр яваад бусдын бэлчээрт яваа малыг амьдаар нь хулгайлж битүү бүхээгтэй машинд ачаад Налайх дүүрэгт байрлах таны харж байгаа энэ ухаж бэлтгэсэн зооринд төхөөрдөг байна.
Ийм үйлдлээр тэд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсныг урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллага тогтоогоод байна. Мөн энэ зоорь ухсан хашаанд тамга тэмдгийг нь хусаж арилгасан нэг алагтай 4-5 тооны адуу байна. Гэхдээ сэжигтнүүд дээрхи адууг өөрсдийн адуу гэж мэдүүлээд байгаа гэлээ. Хэрэв ийм зүсмийн адуу хулгайд алдсан хохирогч байвал Төв аймгийн цагдаагийн газарт холбогдохыг сануулж байна. Мөн Өнгөрсөн оны 1-р сартай харьцуулахад мал хулгайлах гэмт хэрэг 50 орчим хувиар өсөөд байгааг хэлж байна. Энэ жил нь цас зуд байхгүй, мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэглэлүүд жижиг тэргээр хаа сайгүй явж байгааг цагдаагийнхан анхааруулж байна. Тиймээс малаа байнгын хариулга маллагаатай байлгахыг анхааруулж байна.
Эх сурвалж: tv5.mn