УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар шийдэгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.
Сая УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаралтай горимоор хэлэлцэх журманд оруулдаг. УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай зөвлөлдөөд хуулийн дагуу гэж тооцвол ирэх мягмар гарагт 09:00 цагаас ТББХ-г хуралдуулж, 10:00 цагаас чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаар санал солилцсон. Энэ асуудлыг ирэх мягмар гаригт хэлэлцэх шалтгаан бий. Төрийн мэдээлэл сэтгүүл нэгдүгээр сарын 28-ны өдөр хэвлэгдэх учраас УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл хэвлэгдсэний дараа хэлэлцэх боломжтой. Харин УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй бөгөөд дөнгөж сая өргөн барьсан учраас Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-аар хэлэлцэх боломжгүй.
Би сандал ширээтэйгээ зууралдаад байгаа юм байхгүй. Хуулийн дагуу ажлаа өгөхөд бэлэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, дараагийн УИХ-ын даргыг Цагаан сараас өмнө томилуулах нь зөв гэж тооцсон байгаа” гэлээ.