Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэцлээ. Шүүх хуралд М.Сономпилын өмгөөлөгч Б.Доржсүрэн шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2019-02-18-ний 10 цаг хүртэл хойшлуусан байна.
Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргасан нэг бус тендерт Эрчим хүчний яамны сайд байсан М.Сономпил холбогдсон. Нэг нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, 264 сая төгрөгийн хахууль авсан үйлдэл. ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендер зарласан аж. Үүнд нь “Хотгор зам” ХХК-ийг ялуулсан бөгөөд М.Сономпил яамныхандаа нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар дээрх хэмжээний төгрөг хахуульд авсан нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоогдсон байна.
Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулж өмнөд хөршийн компанид давуу байдал олгосон гэж М.Сономпилийг буруутгасныг уншигчид санаж буй биз ээ. БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпорац” компанийнханд давуу байдал олгохын сацуу тендерт анх ирүүлсэн үнийг нэмэгдүүлсэн аж.
\Тус компанийнхан “Амгалан” дулааны станцыг 60 сая ам.доллароор барьж ашиглалтад оруулах үнийн санал өгсөн юм билээ. Гэвч гэрээ байгуулах явцад үнийн дүнг 75.9 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, тухайн гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлсөн нь батлагдсан гэж үзэж байгаа юм.