Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл газар авч байгаа бөгөөд БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс өнөөдрийн байдлаар 1 хүн нас барсан эмгэнэлт явдал тохиолдлоо. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байна. Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа. Хурлаар:
Эмнэлэгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр боллоо.
Иргэдийн дундах тархалт өндөр байгаа учраас дараахь асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.
• Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших
• Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
• Халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
• Олон нийтийн газруудаар явахгүй байх
• Ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах
• Ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.