Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 01:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 01:38 цагт очиж, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Ц /33 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. Цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:00 цагт очиж, 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б /56 настай, эрэгтэй/ нүүр хэсгээрээ түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна. Иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангуулан пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.
Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй. Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна. Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.