20-22 насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, “БЗД-6 хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 8-ны 20:30 цагт ирсэн байна. Тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд мансуурсан байдалтай байсныг илрүүлэн таслан зогсоожээ.
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд БЗД-ийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай “Н” /эр.20н/, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суух хаягтай “Б” /эр.20н/, СХД-ийн 6 дугаар хороонд оршин суух хаягтай “Х” /эр.22н/ нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 2018 онд улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуучууд байгаа аж.