ЖДҮХС-аас зээл авсан хүмүүстэй холбоотой хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна. Зээлийн нийт хэмжээ 100 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. Одоогийн байдлаар ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 10 гишүүн байцаалт өгсөн гэж албаны эх сурвалж мэдээлсэн байгаа.
АТГ ЖДҮХС-аас зээл авсан гурван гишүүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг прокурорт тавиад байгаа ч прокурор хариугаа өгөөгүй байгаа юм.
Өнөөдөр Баялаг бүтээгчдийн холбоо мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Солтан, Я.Содбаатар нарын хамааралтай компаниуд зээлээ бүрэн төлсөн. УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамааралтай компани 141 саяыг нь төлсөн. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн компани 800 саяыг төлсөн.
Арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн О.Батнасангийн хамаарал бүхий компани 250 сая, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаярын компани 100 саяыг төлсөн. ЖДҮ-ийн эргэн төлөлтөөр тус санд 30 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн гэж мэдээлэв.