Салхитын Мөнгөний ордыг булаалдсан Ян, Мин гэдэг хоёр хятад Монгол Улсын Шүүх, Цагдаа, ГИХГ, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн ажилтнуудыг хувааж аваад байлдаж тоглов. Ян гэдэг хужаагийн талд Цагдаагийн генерал орчихсон тасаг ахлан гардан тулаан хийж явсан байх юм. Мин гэдэг хятад нөхрийн талд авлигач шүүгч нар орчихсон хэнийг ч яллахад бэлэн байжээ. Салхитын Мөнгөний ордыг булаалдсан хоёр тал бэлнээр төлж байсан учраас аль нэг тал давуу байдал олж чадалгүй өнөөг хүрчээ.
Эндээс юу харагдав гэхээр Хууль хяналтын байгууллагын зарим ажилтнуудын ялзрал гутамшиг харагдав юм. Хятад улсдаа сая саяараа байдаг дунд гарын наймаачин Монгол Улсын хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг худалдаад авчихсан байгааг харлаа. Мөнгөний өмнө хуулийнхан бөхөлзөнө гэдгийг мэдэж байгаа учраас хятадуудад айдас алга. Тэр хятадуудыг буруутгахаас өмнө дороосоо дээд түвшиндээ хүртэл авлигалд идэгдсэн хуулийн тогтолцоо сүлжээгээ эргэн хар. Оросууд “Гичий нь хүсээгүй бол эр нохой юунд харайх вэ” гэдэгтэй адил Монголчууд авлигал хүсээгүй бол Салхитын Мөнгөний ордын хэрэг босохгүй байв.
Шаравын Мөнгөншагай хэмээх шавилхан залуу “Салхитын Мөнгөний ордын нөөцийг үнэн, зөвөөр мэдүүлж болохгүй. Их нөөцтэй гэвэл ах нар булаачихна”, “Хууль хяналтаар дүүрэн хулгайч, авлигач бий, бүгдийг мэднэ”, “Хууль хяналтынхан хятадуудын мөнгөнөөс болоод хоёр хуваагдчихсан хэрэг”, “Энэ хэргийн цаана улс төрийн нөлөө бүхий хүн бий” гэж зурагтаар ярихыг харлаа. Салхитын Мөнгөний ордын гэх хэрэг авлигач ноёдын зүг зурайж “Өглөө” кино дээр “Биш ээ, бүр цаад эздийг нь” гэдэг шиг асуудал дагуулав.
Салхитын Мөнгөний ордоос эхэлсэн салхийг шуурга болгон хөөрөгдөж жинхэнэ эзэн рүү нь хүрч чадахгүй бол өөр хятадууд мөнгөө цүнхлэн гар хөл болох монголчуудтайгаа холбогдчихсон л байгаа. Ян, Мин хоёроос буцаан авсан одоо Ван, Ли хоёрт өгсөн хэрэг л болох гээд байна. 400 сая тонн гэж батлагдсан нөөцөөсөө хэд дахин илүү байж ордын асуудал хууль хяналтын байгууллагад цэвэрлэгээ хийх боломж бүрдүүлсэн байх болох. Дутуу алсан могой шиг орхивол улам хашир, няхуур тооцоотойгоор ажиллах болно.