УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оноос өмнө 7 удаа хойшлогдсон байгаа. Тэгвэл шинэ оны эхний хуралдааныг өнөөдөр (2019.01.03) УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэллээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд олон чухал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан нь өнөөдрийг хүртэл хойшлогдсоныг сануулахын сацуу УИХ-ын даргыг огцруулах шаардлагад дахин хариу тайлбар өгсөн юм. УИХ-ын дарга УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын даргыг огцруулах үндэслэлүүдийг дурьдаад ,“Ийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороо хуульд заасан үндэслэлгүй учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг надад ирүүлсэн. Энэ хариуг үндэслэж би арванхоёрдугаар сарын 28-ны өдөр нэр бүхий 40 гишүүнд шаардлагынх нь хариуг албан бичгээр хүргүүлсэн байгаа. За ингээд оны өмнө 7 удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Нэлээд асуудлууд бөөгнөрсөн байгаа. Зайлшгүй шаардлагатай, цаг хугацаатай асуудлууд байна” гээд, онцлох хуулийн төслүүдийг дурьдлаа. Иймд ирц бүрдүүлж, яаралтай хуралдах шаардлагатай байгааг санууллаа.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хэлэв. Тэрээр “Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, ойрын хугацаанд үүсээд байгаа асуудлуудыг хэлэлцэж байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн юм.
Ингээд УИХ-ын дарга МАН-ын бүлгийн даргын саналыг хүлээн авч УИХ-ын чуулганы хуралдааныг түр хаалаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус бүлгийн талцан хуваагдсан хоёр талын гишүүдтэйгээ уулзаж, чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэх талаар ярилцсаны дараа чуулганы хуралдаан үргэлжлэхээр боллоо.