Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна. Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстой гэдгийг сануулж байна.
Бүртгүүлсэн зарим баримтын хувьд “ААН илгээгээгүй” гэсэн төлөв гарч ирдэг. Тэгвэл Дахин давтагдашгүй төлбөрийн дугаар /ДДТД/ буюу 35 оронтой тоог үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана.
Харин “ААН илгээгээгүй” гэсэн төлөв олон шалтгаантай байдаг аж. Нэгдүгээрт, тухайн аж ахуйн нэгж нь баримтаа ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн боловч ААН илгээгээгүй төлөвтэй байгаад байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.
Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд “ААН илгээгээгүй” гэсэн төлөвт ордог байна.
Гуравдугаарт, үнийн дүнг буруу оруулснаас үүдэн “ААН илгээгээгүй” гэсэн төлөв үүсдэг. Зарим хэрэглэгчдийн хувьд дэлгүүрээс бараа авсан даруйдаа буцаалт хийдэг. Баримтаа бүртгүүлсэн ч бараагаа буцаасан тохиолдолд буцаалтаар тэмдэглэдэг. Үүнээс шалтгаалан баримт дээр нь “ААН илгээгээгүй” гэсэн төлөв үүснэ.
“ААН илгээгээгүй” гэсэн төлөвтэй баримтыг засахдаа нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ оруулах уу гэсэн сонголтын аль нэгийг сонгоно. Хэрэв баримт нь байгаа бол дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулахад тухайн баримт илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад орж ирнэ.
Сугалааны дугаар буруу байвал “ААН илгээгээгүй” гэсэн төлвөө устгаад дахин төлбөрийн баримтаа шинээр оруулж болно. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана.
Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар бүртгүүлснээр баталгаажина. Харин QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирнэ.
2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш бүртгүүлбэл тухайн баримт “ААН илгээгээгүй” гэсэн төлөвт орох болно гэдгийг Татварын ерөнхий газраас анхааруулж байна. Учир нь буцаан олголт ирэх оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг байна. Иймд дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй.
Зарим иргэдийн хувьд бүртгэлийн дугаар, нууц үгээ мартах тохиолдол гардаг. Хэрвээ утасны дугаар тань солигдоогүй бол 131313 тусгай дугаарт “?” тэмдэгтийг илгээснээр таны дугаар дээр бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, бүртгэл ирдэг. Бүртгэгдээд гарч ирэхгүй байна гэвэл ТЕГ-ын 1800-1288 дугаарт залгаж, регистрийн дугаараа шүүлгүүлэн засвар хийлгэж болно.
Түүнчлэн харилцах банкны дансны дугаараа зөв хийсэн эсэхээ шалган баталгаажуулах хэрэгтэй. Эс бөгөөс хаагдсан банкны данс руу таны урамшууллын мөнгө орохгүй буцаагддаг.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар