Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Шинэ жилийн баярыг угтан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэн явуулдаг 40 ААН, иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар 23 нэр төрлийн 2,300,000 мянган төгрөгний хадгалалтын горим зөрчсөн болон хэрэглэж дуусах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
Мөн Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр, Хулд суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ эрхлэгч 10-н газарт шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж нийт 24 дутагдал илрүүлж газар дээр нь 75%-ийг арилгуулж, 52 нэр төрлийн 922500 төгрөгийн чанар аюулгүй байдал алдагдсан, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулан 2 аж ахуйн нэгжид тус тус 500000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Шинэ жилийн баярын өдрүүд буюу арван хоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллана.
Та нийслэлд 7012-8012, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой.
Шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ:
– Хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох
– Хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд 4 цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх
– Бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах
– Хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: МХЕГ