Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгууллаа.
2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 бодгаль шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 бодгаль шувуу тоолжээ.
Шинжлэх ухааны төдийгүй байгаль хамгааллын хувьд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд хүүхэд залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа бөгөөд тооллогын өмнө 2-р сарын 18-ны өдөр “Нийслэлд өвөлждөг шувуудыг тоолох урт хугацааны мониторингийн ажлын арга зүй” сургалтыг зохион байгуулснаар тооллогын чанар, үр дүнд дэвшил гарсан гэж үзэж байна.
Нийт ажиглагдсан 31 зүйл шувуудаас 100 болон түүнээс дээш тоогоор бүртгэгдсэн 11 зүйлийн шувууд байна. Эдгээрийн олонх нь буюу дагуур ятуу, хондон ангир хоёроос бусад нь манай хотын төв орчимд жилийн аль ч улиралд тогтмол тохиолддог ба дийлэнх нь хэрээний овгийн шувууд юм. Хотын ногоон бүсэд буюу суурин газраас зайдуу дагуур ятуу, нөмрөг тас, алаг тоншуул зэрэг шувууд илүү олон тоогоор бүртгэгдсэн. Бусад түгээмэл шувуудын тоонд хөхвөр тагтаа 1624, шивэрэнхэт бялзуухай 1211, хар хэрээ 1050, улаан хушуут жунгаа 825, алаг шаазгай 594, хон хэрээ 294 багтаж байна.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР МОНГОЛЫН ШУВУУ ХАМГААЛАХ ТӨВ