Өнөөдөр (2018.12.31) орой 22.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт эхэлнэ. Шөнийн 01:00 цаг хүртэл үргэлжлэх шоу тоглолтын дараа нийтийн тээврийн унаа чиглэл чиглэлд үнэгүй үйчилнэ.
Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ шинэ жилийн баярыг угтан иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах бол Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад,Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулна.
Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа, Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах,хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулах, Хан-уул дүүрэгСоёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулна.
Харин Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх, Сүхбаатар дүүрэг 5 номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, 8 номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29,116,186-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм байна.
Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.