Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган цасан шуурга шуурна.
Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 17-21 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч 21-23 хэм хүйтэн байна. 2018 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 26-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 27-нд Алтайн нурууны өвөр бэлээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.