НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэх, энэ бүсэд мал, гахай, шувуу, нохой үржлийн аж ахуй эрхэлж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн дэмжиж, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хотын Ерөнхий менежерийн ахалсан ажлын хэсэг таван дүүргийн 45 хорооны 629 өрхийн 16,798 буюу нийт малын 98.1 хувийг нүүлгэн шилжүүлж, 547 өрхийн малын хашаа саравчийг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр айл өрхийг шинээр суурьшуулсан газарт цахилгаан эрчим хүч, инженерийн есөн худгаар хангаж, нүүлгэн шилжүүлэх зардлыг даан, төрийн нийтлэг үйлчилгээгээр хангасан байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс