Япончууд жил бүрийн төгсгөлд тухайн оныг бүрэн илэрхийлж чадах ханз үсгийг олонхын саналаар сонгож зарладаг уламжлалтай. Киотод төвлөрдөг ханз үсгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой сан 1995 оноос хойш жил бүр уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Тэгвэл 2018 оны ханз үсэг зарлах ёслолыг өнөөдөр зохион байгуулж, зарим телевизийн сувгаар шууд дамжуулжээ. Өнгөрч буй оныг төлөөлөх ханзыг Киотогийн Киёмизу буддын шашны сүмийн тэргүүн лам Сэйхан Мори том цаасан дээр бийрээр бичиж зарласан байна. Уг ханз нь“sai” гэж дуудагддаг, гай гамшиг, азгүй явдлыг илэрхийлдэг ажээ.
Зохион байгуулагчид иргэдийн саналыг онлайн болох шуудангаар хүлээж авч шалгаруулсан байна. Нийт 193,214 санал ирснээс “гамшиг” илэрхийлдэг ханз 10.8 хувийн саналаар тэргүүлжээ. 2018 онд Япон орон дараалан олон удаагийн байгалийн гамшигт нэрвэгдсэн. Эхлээд баруун бүс нутагт нь томоохон үер бууж, 200 гаруй хүн амиа алдсан бол дараа нь далайн хар салхи дэгдэж байв.
Зуны турш агаар их хэмжээгээр халснаас 150 гаруй хүн амиа алдаж, 80,000 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн юм. Сүүлд Хоккайдо аралд газар хөдөлж, хөрс нурснаас их хэмжээний хохирол учруулжээ. Байгалийн гамшиг Японы эдийн засагт нөлөөлж, зуны гурван сар дараалан дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь буурсан юм. 2017 оны ханз нь “умард” гэсэн утгатай байсан нь Умард Солонгосын пуужингийн аюул дор Япон орон оршиж байсныг харуулжээ. Түүний өмнөх оны ханз “алт” гэсэн утгатай байсан нь Риогийн зуны олимпийн наадмаас Японы тамирчид олон тооны алтан медаль зүүсэнтэй холбоотой байв.
Эх сурвалж: AFP