Төрийн ордонд 14:00 цагаас УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар зарласан. Өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа товлогдоод ирц бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй болохоор энэ удаагийн хуралдаанаар асуудлыг дорвитойхон хэлэлцээд, тодорхой шийдлийг гаргачих болов уу гэсэн битүүхэн хүлээлт байлаа. Учир нь тус хороон дарга С.Бямбацогт прокурорын байгууллагаас албан бичиг ирсэн гэдэг мэдээг дуулгасан. Тэрээр ЖДҮХС-гийн зээлийн асуудалд ямар ямар гишүүдийн нэрс холбогдсон талаар прокуророос тодруулж хариугаа аваад байгаа юм билээ. Харин энэ хурал хэрхэн өрнөснийг бодит дүр төрхөөр нь хүргэе.
Ёс зүйн дэд хорооны ирц
Улаанбаатарт 14:00 цаг боллоо. Ёс зүйн дэд хороо хуралдах ёстой “Г танхим”-аар шагайвал гишүүдээс нэг нь ч байсангүй. Харин танхимын буланд хурал зохион байгуулагчдын зүгээс “Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна.” гэж утсаар хэн нэгэнд сануулан мэдэгдэж байгаа дуулдав. Хэсэг хугацааны дараа хоёр гишүүн ирцээ бүртгүүлсэн байдалтай байв. Ирц нь бүрдэж өгдөггүй хурлын гишүүд хэлэлцэх асуудлаас яагаад зайлсхийгээд, чухам хаагуур яваад байдаг юм бол?
УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь нийт есөн гишүүнтэй. Хороог УИХ-ын гишүүн С.Бямбацогт даргалдаг бол гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Л.Мөнхбаатар, Б.Наранхүү, Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн нар багтдаг.
Өнөөдөр хэлэлцэх асуудал бол ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон гишүүд. Хоёрдугаарт, УИХ-ын нэр бүхий гишүүдэд ирсэн өргөдөл гомдлыг мөн хэлэлцэх байв. Үүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаа мэдэгдсэн 22 гишүүний асуудал хэмээн таамаглаж буй. Ямартай ч хоёр асуудал төлөвлөсөн байсан юм.
ЖДҮ-гийн асуудлыг хэн хойш татаад байна вэ?
Тэгэхээр Ёс зүйн дэд хорооны хурлын ирцийг бүрдүүлэхгүй байх шалтгаан нь ЖДҮ-чин гишүүд үү гэсэн асуулт шууд л урган гарч ирж байгаа биз. Тиймээс Ёс зүйн дэд хорооны гишүүдийн эрэлд гарч, өөрсдөөс нь тодруулахыг зорилоо. Одоогоор олон нийтэд цацагдсан мэдээллээс харахад тус хороонд хоёр “ЖДҮ-чин” гэсэн цолтой гишүүн байна. Энэ бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Г.Тэмүүлэн.
14 цаг өнгөрөөд тэхий талдаа орсон байв. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны ирц 33 хувьтай гэдэг нь 3 гишүүн картаа уншуулсан гэсэн үг.
Өчигдөр хуралдахаар товлогдоод ирц нь хүрээгүй Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр ч мөн ирцгүй, байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танхимд ганцаараа сууж байсныг ч бас энд дурьдчихъя. Уг нь төрийн албаныхны цайны цаг дууссан боловч Ёс зүйн дэд хорооны гишүүн Х.Баделхан, Л.Мөнхбаатар, Б.Наранхүү, Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн нарын өрөө, эзгүй хаалга нь цоожтой байна. ЖДҮ-д нэр холбогдсон хоёр нь байдаггүй юм аа гэхэд бусад гишүүд яагаад хурлын ирцээс хойш чангааж, өдөр алдуулна вэ?
Тус хорооны даргаас нөхцөл байдлыг тодруулах гэсэн боловч туслах нь түүнийг хуралдааны танхимд байгаа гэлээ. Бид ордны мушгирсан олон хонгилд зөрж хангинав бололтой, таараагүй юм. Нэгэнтээ гишүүдийн ирц нь бүрдэхгүй, хурал хойшлогдох нь тодорхой болж, танхимын үүдийг сахих шаардлагагүй болов. Байгаагаас цөөхөн хэдэн сэтгүүлчид, ордны ажилтан л энд тэнд үзэгдэнэ.
Нээлттэй хаалганы эзэд
Ямартай ч УИХ дахь намын бүлгүүдийн дарга нараас байр суурийг нь сонсъё гэж бодлоо. Ингээд 15:15 цагийн үед УИХ дахь АН-ын бүлгийн даргын өрөөнд очиход УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат урьтаад өрөөнд нь яваад орчихов. Энэ хооронд цагийг ашиглан МАН-ын бүлгийн даргынхаар очвол мөн л гишүүдтэй уулзаж байна гээд халгаасангүй.
УИХ-ын дарга М.Энхболдтой уулзана гэдэг бүр ч бүтэшгүй даваа гэдгийг мэдсэн ч үүдийг нь бараадан сууж байтал Ж.Эрдэнэбат гишүүн Их хурлын даргын өрөөнд оров. Д.Эрдэнэбат гишүүн суларч дээ хэмээн бодоод гүйгээд очих нь ээ, “яриа өгөхгүй” гэдэг хариу өгсөн тул өрөөнөөс нь гарлаа. Цоожтой хаалга мөргөсний дэргэд уулзаагүй ч гэлээ учирлаад өрөөндөө сууж байгаа нь их юм гэж бодов.
Ж.Эрдэнэбат гишүүнийг өнөөдөр хамгийн олон буюу хоёр удаа харсан нь энэ байв. Бусад гишүүдийн бараа сургийг харах бүү хэл сонссонгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Ундармаа нар харагдсан. Харин улс даяар ЖДҮ-гийн тухай хэлэлцэж байхад энэ сэдэв улс төрийн орчинд нам гүмхэн санагдлаа. Санагдлаа ч гэж дээ, шивнээ үг сэтгэлд сэвтэй, дэндүү нам гүм байх ч бас аюултай гэдэг. Төрийн ордны дүнсгэр байшингийн альхан талын буланд ам хэлээ билүүдэж, арын тохироогоо хийж суугаа бол доо гэж бодогдсоныг нуух юун.
Тэднийг өрөөнд нь юу хүлээж байдаг бол?
Ингээд С.Бямбацогт гишүүний өрөөнд дахин очвол “Ирц бүрдээгүй тул Ёс зүйн дэд хороо хуралдсангүй гээд С.Бямбацогт дарга алх цохиод гарсан.” гэсэн мэдээг олж сонсоод Ёс зүйн дэд хорооныхонтой нэг цаг хөөцөлдсөн энэ өдрийн сурвалжлага энд хүрээд л өндөрлөлөө. Гишүүдийн зарим нь орон нутагт томилолттой яваа тул ирц бүрдсэнгүй гэдэг шалтаг гэх үү, шалтгаан ч юм уу, нэг тийм тайлбарыг алх цохихдоо хэлсэн юм билээ шүү.
Энэ өдрийн хуралдаанд нийт есөн гишүүнээс гурав нь л картаа уншуулаад гарсан нь 33 хувь гэсэн үг гэдгийг дээр дурьдсан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын тэр гурван гишүүн картаа уншуулаад гарахын оронд хуралдах танхимдаа хүлээцтэй суугаад олон нийтэд бодит байдлыг хүргэж байсан бол илүү “коко”-той байлаа. Хуваарийн дагуу танхимдаа суухын оронд тэдэнд үүнээс ч илүү чухал асуудал өрөөнд нь хүлээж байдаг бололтой. Эсвэл тэд хэн нэгнийг хүлээж байдаг юм болов уу? МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн манай нэг сэтгүүлчид “Ирц бүрдтэл өрөөндөө хүлээж байя” гэж хэлсэн гэнэ билээ. Тэд өрөөндөө бусдыгаа, ард түмэн гадаа нь ордныхныг харуулдан хүлээсээр л…
Олон нийтийн дунд удаан хугацаанд өрнөж буй ЖДҮ-гийн асуудал УИХ-ын Ёс зүйн дэд хороон дээр ийнхүү дахиад л гацлаа. Гацаанаас гарга гэсэн УИХ-ын даргын үгийг ганцаараа С.Бямбацогт дарга нь гаргачих юм биш л дээ. Ирцээ бүрдүүлэхгүй байгаа гишүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцэж сольж хольдог юм гэнэ лээ. Ёс зүйгүй гишүүдэд ёс зүйгээ хэлэлцүүлэх ёс зүй ч үлдээгүй бололтой.
1 comment
Тогтохсүрэн хурал болох өрөөнд очоод сууж болдоггүй юм уу? ЖДҮ өвчин тусаад суугаа болсон уу?