Өчигдөр Google компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай конгрессийн хууль зүйн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөх сонсгол болж өнгөрсөн юм. Энэ үеэр өөрийн компанийг тойрсон олон маргаантай асуудлаар тайлбар өгсөн байна. Тухайлбал зах зээлийн хэт давамгай байдал, Хятадын цензур, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал гэх мэт. Харин Бүгд Найрамдахчууд тус компанийг улс төрийн хувьд либерал үзлийг дэмжиж, консервативуудын эсрэг бодлого нууцаар явуулдаг гэх сэдэв дээр илүү анхаарал тавьж байв.
Жишээ нь Google-ийн хайлтын үр дүнд улс төрийн нөлөө тусгаж байгаа гэж тэд харддаг юм. Тэгвэл өчигдөр Калифорни мужаас сонгогдсон конгрессийн гишүүн Зой Лофгрен яагаад Google-ийн зураг хайлтын цонхонд “idiot” (тэнэг мангуу) гэсэн үг бичээд хайхад ерөнхийлөгч Дональд Трампын зураг гарч ирдгийг Пичайгаас асуужээ. “Яагаад ийм үр дүн үзүүлж байна вэ? Хайлтын систем яаж ажиллаад ийм хариу олдож байна вэ?” гэж тэр асуусан юм. Пичай хайлтын үр дүнг гаргахдаа олон тэрбум хуудаснаас бүрдсэн жагсаалтаас түлхүүр үгтэй холбоотой эсэхийг шалгах 200 гаруй шинж тэмдгээр шүүж, дараа нь үнэлж эрэмбэлдэг гэж тайлбарлажээ.
Тэр бас үр дүнг тодруулахад тусгай алгоритм ажилладаг, хүний гар оролцдоггүй гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл Дональд Трампыг “тэнэг” гэсэн үгээр тодорхойлж байгаа нь бодит байдал гэсэн юм. Гэсэн хэдий ч Бүгд Найрамдах намын гишүүдийн хардлага дууссангүй. Тухайлбал Охайо мужийн төлөөлөгч Стив Чабот өөрсдийнх нь боловсруулсан хуулийн тухай хайхад сөрөг мэдээллүүд түрүүнд үзэгдэж, үр дүнгийн гурав, дөрөв дэхь хуудаснаас л эерэг мэдээлэл олдож байгааг үзүүлээд Google-ийн улс төрийн үзэл бодол бизнес, үйлчилгээнд нь нөлөөлсөөр байгааг шүүмжилсэн юм. Google компани нь Ардчилсан Намыг дэмждэг нь янз бүрээр илэрдэг.
Жишээ нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус компани Хиллари Клинтоныг илт дэмжиж байв. Мөн сонгуулийн дараа Трампыг ялсанд харамсаж байгаагаа Google-ийн удирдлагууд ярьж буйг харуулсан компанийн дотоод арга хэмжээний видео бичлэг тарж байжээ.
Эх сурвалж: Business Insider