“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-нд БНХАУ-ын Санья хотод болж, ялагч тодров. Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөнөөс дэлхийн тэргүүн миссээр Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон тодорч Дэлхийн миссийн титмийг зүүв.
Харин дэд миссээр Тайландын гоо бүсгүй тодорсон бол Беларусь, Ямайк, Мексик, Уганда, Тайландын гоо бүсгүйчүүд шилдэг 5-д багтлаа. Финалын шалгаруулалтад зөвхөн 30 гоо бүсгүй тунан үлдсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй.Тэрбээр явцын шалгаруулалтад амжилттай оролцож зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчоор шалгарав.