Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлэг эхэллээ. Нийслэлийн 2019 оны төсөв, газар зохион байгуулалт, өмчийн хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгасан. Мөн газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоотой.
Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудлын талаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг сонслоо. Бүлгийн дарга Р.Дагва дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр “Бүлэг хуралдаад нийслэлийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага тулгарлаа” гэж дүгнэлээ. Нийслэлийн 2019 оны төсвийн төсөлд төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байна.
Орон нутгийн төсвийн 40 хувийг улсын төсөвт татан төвлөрүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын харилцааг зохицуулах зэрэг ажлын зардлыг 43.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэх зэрэг ажилд оновчтой зардал тусгажээ. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнээс нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн биелэлт давсан байна. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг МАН-ын бүлэг оновчтой гэж дүгнэлээ.
Мөн ирэх оны өмч хувьчлалын төслийг дэмжиж байна” гэсэн юм. Улмаар тус бүлгээс ирэх оны төсөвт нэмэлтээр Эмээлтийн паркийн магадлалын шинжилгээнд 400 сая, Чингэлтэй дүүргийн I хорооны инженерийн шугамыг шинэчлэхэд 1.4 тэрбум, барилга байгууламжийн гамшгийн үнэлгээ хийхэд 200 сая, хөрсний ус зайлуулах ажилд нэг тэрбум, “Монгол наадам цогцолбор”-ын дэд бүтцийг сайжруулахад 300 сая, “Ус сувгийн удирдах газар”-т шинээр долоон машин нэмж авахад 700 сая, нийтийн эзэмшлийн талбайд явган зам тавихад нэмж тавихад нэг тэрбум төгрөг тусгах санал гаргасан юм. Үүнээс гадна ирэх онд хувьчлах зүйлийн жагсаалтад “Нарны титэм” худалдааны төвийн “Б” корпус, “Өргөө” зочид буудал, Багануур дүүргийн дэх хуучин барилгыг нэмж оруулах санал гаргалаа.
Мөн концессын зүйлийн жагсаалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулах бүтээн байгуулалтын ажлыг нэмэх санал гаргасан. Харин нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийг дүгнэлтийн тус бүлгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа. Тэрбээр “2019 оны төсвийн орлогыг 2016 оныхтой харьцуулбал 72 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвийн орлого жил бүр 150 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй ч иргэдийн амьдрал сайжирсангүй, урсгал зардал л нэмэгджээ. Тиймээс Ардчилсан намын бүлэг хуралдаад дараах дүгнэлтийг гаргалаа. Хотын захиргааны шинэ байр барих ажлаас 20, Улаанбаатар хотын ойг тэмдэглэхээр тусгасан гурав, шинэ байранд тавилга авахаар төсөвлөсөн гурван тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасах саналтай байна.
Мөн “Орон сууцны хөтөлбөр”-т тусгасан 10 тэрбум төгрөгийг хасах санал гаргалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж буй нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ингээд намын бүлэг ахмадын орон сууцны хөтөлбөрт 10, орон сууцны хуучин барилгын засварт хоёр тэрбум төгрөг нэмж төсөвлөх нь зүйтэй гэж үзлээ. “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 200, хөрсний бохирдлыг бууруулах ажилд 150 сая төгрөг нэмүүлэх санал гаргалаа” гэсэн юм.
Намын бүлгүүд дүгнэлтээ танилцуулж, саналаа хэлсний дараа хороод санал, дүгнэлтээ танилцуулав. “Аз жаргалтай хот хороо”-ны гишүүн Б.Сүхбаатар хорооныхоо дүгнэлтийг танилцуулж нийтийн эзэмшлийн гудамж, талбайд дахь камержууулалтыг сайжруулж, автобусны буудлыг засах хөрөнгийг нэмэх нь зүйтэй гэсэн санал гаргав. “Нийгмийн бодлогын хороо”-ны санал, дүгнэлтийг хорооны дарга Б.Мөнхжаргал танилцуулж, “Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчилгээг сайжруулахад анхаарах шаардлагатай гэж үзэв.
Хорооноос “Уншлагыг дэмжих-2020” хөтөлбөрийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг дэмжиж байна” гэв. “Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо”-ны дүгнэлтийг “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн засварт хоёр, цахилгаан шатны засварт нэг тэрбум төгрөг нэмж тусгах санал гаргаж байна. Мөн нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хоёр тэрбум төгрөг нэмж төсөвлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Харин дэд бүтцийн төв байгуулах ажлаас таван тэрбум төгрөгийг хасах нь зөв гэж дүгнэлээ” хэмээн хорооны дарга Л.Нарантуяа танилцууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ