2018-12-05 12:552min01

АН-ын Их хурлаар Кёкүшюзан Д.Батбаяр энгэрээ мялаалаа

an 9 ih hural

Ардчилсан намын IX их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралд тус намын 1040 төлөөлөгч оролцож байгаагийн 380 нь ҮБХ-ны гишүүн юм. Хуралдааны үеэр Кёкүшюзан Д.Батбаярыг АН-аас урамшуулж, түүний хийж бүтээсэн гавьяаг үнэлэн, мөн сумо бөхийн 25 жилийн ой болж байгааг тохиолдуулан Ардчиллын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор энгэрийг нь мялаалаа.

Тэрээр “АН-ын гишүүн болоод УИХ-ын гишүүн болж үзлээ. Өнөөдөр журмын нөхөдтэйгээ зүтгэж яваадаа сэтгэл хангалуун байдаг. Надад хийж, бүтээх ажил их байна. Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй болсон хүүхдийн төлөө төлөвлөсөн ажил олон байгаа. Тэр тусмаа “Хөрш заан” барилгын компани энэ жил нэг сая м.кв барилгыг барьж нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад бага ч гэсэн нэмэр болох зорилго тавиад ажиллаж байна. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэг барьсан. Цаашлаад эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж ажиллана гэж бодож байгаа. Дурьдаад байвал маш олон сайхан ажлуудыг хийсэн байгаа. Үүнд урам хайрлаж Арчидсан намын партизанууд, мянга мянган журмын нөхөд минь намайг дэмжиж энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байгаад баяртай байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ удаагийн хуралдаанаас долоон асуудал хэлэлцэж батална. Тухайлбал, АН-ын даргын улс төрийн илтгэл, мөрийн хөтөлбөр /үзэл баримтлалын төслийг хэлэлцэх/, үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн эцэслэн батлах, ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, намын даргын илтгэлийг хэлэлцэх, улс төр нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой шийдвэр гаргах, ҮБХ-ны гишүүдэд өөрчлөлт оруулах зэрэг асуудал багтаж байна.

Өчигдөр хуралдсан АН-ын ҮБХ-ны V хуралдаанаар намын Үндсэн дүрэмдээ томоохон өөрчлөлт оруулаагүй, харин ганц нэг нэмэлт заалтууд, үг үсгийн найруулгын өөрчлөлтүүд оруулсан гэдгийг тус намын дарга С.Эрдэнэ хэлсэн. Мөн өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд гишүүдээс гаргасан зарим саналыг Их хуралд оруулах асуудлыг хэлэлцжээ.