Монгол Улс, Өмнөговь аймаг – Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачилсан төслийн дагуу “Оюу толгой” компани санхүүжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бариулж, иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө. Ханбогдын ерөнхий боловсролын II сургууль болж буй тус сургууль олон улсын жишиг менежментээр хичээлээ явуулна. Олон улсын менежментийг нутагшуулахад Улаанбаатар хотын “Шинэ эрин сургуулийн баг дэмжлэг үзүүлэн ажиллаж, Кэмбрижийн сургалтын жишигт нийцсэн, олон улсын сургалтын арга барил, хөтөлбөрийг шинэ сургуульд ажиллах багш нарт заан танилцуулах юм. Энэ нь үндэсний хөтөлбөрийг олон улсын менежментэд тулгуурлан хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Менежментийн зардлыг “Оюу толгой”-н санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” бүрэн даана. Өмнөговь аймгийн Ханбогд сум болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу толгой” компани жил бүр таван сая ам.доллартай тэнцэх төгрөгийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулдаг юм.
Энэхүү сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 800 гаруй хүүхдийн боловсролын асуудал бүрэн шийдэгдэж байна. Аливаа улсын боловсролын салбарын тэгш байдал 0.1 хувиар нэмэгдэхэд 40 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 23 хувиар өсөх боломжтой хэмээн Боловсролын төлөөх дэлхийн түншлэл сан тооцоолсон байдаг. Хот, хөдөөгийн амьдралын нөхцөл боломж, тэр дундаа сургалтын чанар эрс ялгаатай, дутагдалтай байдгийг шийдэх томоохон жишээ энэ болж байна. Тус сургуульд суралцах 640 хүүхэд ээлжээр хичээллэх шаардлагагүй тул хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх нэмэлт сургалтуудад хамрагдах, тайван хичээлээ давтах боломжтой болж буй. Хичээлийн 29 ангитай сургууль, 8 ангитай цэцэрлэгт орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, тавилга хэрэгслүүдийг байршуулж, иж бүрэн тохижуулсан. Тус цогцолборыг барьж, тохижуулж, олон улсын сургалтын менежментийг нутагшуулахад нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулсан юм. Үүнд: цогцолборын барилгыг барьж гүйцэтгэх өртөг 6.1 тэрбум, тоног төхөөрөмж, менежментийн зардал 1.1 тэрбум төгрөг багтаж байна.
Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 100 орчим ажлын байр бий болж буй. Энэ бол өнгөрсөн нэг жилд Монголд хийсэн боловсролын хамгийн том хөрөнгө оруулалт юм. “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой”-н амжилтын салшгүй хэсэг болсон Ханбогд сум хөгжлийн хурдаараа хөдөө орон нутагтаа тэргүүлж байна. Бид Ханбогдыг эрчим хүч, усан хангамж, зам гэхчлэн дэд бүтэц, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол зэрэг бүхий л шаардлагатай зүйлсээр бүрэн хангагдсан, бие даасан хот болгоход хувь нэмрээ оруулан ажиллах болно. Энэ цогцолбор нээгдсэнээр тэрхүү алсын харааг ажил хэрэг болгох, ханбогдчуудын хүүхэд, залуус хаанахын ч хүүхдүүдээс дутахгүй боловсрол эзэмшдэг болоход нэг алхам ойртож байна” хэмээн онцоллоо. Байгалийн ухааны тэргүүн сургуулиудын нэг болох алсын хараатай тус сургуулийн багш нар олон улсын “Шинэ эрин” сургуулийн мэргэжилтнүүдтэй гурван жилийн турш хамтран ажиллаж, шаардлагатай бүх ур чадварыг эзэмшиж авна. Энэ хугацаанд олон улсын зэрэглэл авах шаардлагыг биелүүлэхүйц түвшинд хүрч ажиллаж чадвал олон улсын сургууль болох боломжтой. Шинэ сургуулийн бүх багш нар олон улсын менежментийн туршлагатай багш нарын удирдлага дор ажиллаж, онлайнаар болон танхимаар тогтмол сургалтад хамрагдаж байх юм.
Энэ оны байдлаар Ханбогд сумын 640 хүүхдийн багтаамжтай I бүрэн дунд сургуульд 1100 хүүхэд суралцсан бөгөөд 200 гаруй хүүхэд цэцэрлэггүй байв. Сургууль, цэцэрлэг хүртээмжгүй байдлыг харгалзан Өмнөговь аймгийн ЗДТГ-аас “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д шинэ сургууль, цэцэрлэг барих төсөл оруулж, сангийн Удирдах зөвлөлд дэмжигдсэнээр тус цогцолбор баригдах болсон түүхтэй. Цогцолборын барилга гүйцэтгэгчээр “Говийн өгөөж” ХХК шалгарч нэг жилийн хугацаанд барьж бэлэн болгосон. Харин сургууль, цэцэрлэгийн уг цогцолборыг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай 637 төрлийн нийт 10 мянга гаруй тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх сонгон шалгаруулалтад “Энхбодиз” ХХК шалгарч тохижуулалтын ажлыг гүйцэтгэсэн юм.
Урьд нь “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас Даланзадгад сумд гурван цэцэрлэг барьж, Сүхбаатар дүүргийн 186 дугаар, тусгай хэрэгцээт цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүжихэд зориулсан анги танхим байгуулж байв. Түүнчлэн Налайх дүүрэгт Техник технологийн жишиг сургууль байгуулж, Даланзадгад, Чойр, Дархан хот дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөн шинэчлэх зэрэг мэргэжлийн сургалтыг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийсэн билээ. “Оюу толгой” ХХК өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 1000 орчим оюутны гадаад болон дотоодад суралцах зардлыг даасан. “Оюу толгой” боловсрол хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг гүн ухамсарлаж, хүүхэд, залуусын боловсролд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголын ирээдүйд чухал нэмэр болохуйц, дэлхийн хаана ч гологдохооргүй мэргэжилтнүүд бэлтгэсний дүнд өнөөдөр Монголын 32 мэргэжилтэн дэлхийн уул уурхайн томоохон төслүүдэд ажиллаж байгаа билээ.
· 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд “Оюу толгой” ХХК Өмнөговь аймагт үндсэн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулахад туслах зорилгоор нийт 390 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ.
· Үүний хүрээнд Өмнөговьд 40 км-ийн цахилгааны шугам, эрчим хүчний байнгын эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж, Ханбумбат нисэх онгоцны буудал, Ханбогд сумын 5 км хатуу хучилттай автозам, Оюу толгой-Ханбогдын 35 км хатуу хучилттай автозам, Оюу толгой-Гашуунсухайтын 100 км автозам, Хятадын хилээс Оюу толгой руу татсан цахилгааны шугам, Ханбогд дахь Галба талбай, МСҮТ, мал эмнэлэг, уурын зуух (2 ширхэг), Үлэмжийн чанар соёлын төв, Хүн эмнэлгийн байр, Мод үржүүлгийн төв барьж байгуулаад байна.
· 2017 онд “Оюу толгой” ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын төсөвт 37.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
· 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Оюу толгой” ХХК Өмнөговь аймаг болон тус аймгийн дөрвөн сумын удирдлагатай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор мөн оны 9 дүгээр сард Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан (ГОХДС)-г байгуулсан юм.
· ГОХДС ТББ нь 2015 оноос хойш жил бүр орон нутгийн хөгжилд зориулж 5 сая ам.доллар буюу 12.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсээр ирсэн юм.
· “Оюу толгой” компани 2011 оноос хойш нийтдээ 727 мянга гаруй оюутан залуус, сурагчдад чиглэсэн боловсролын салбарын үйл ажиллагаанд 323 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
· Өмнөговь аймгийн 11, 25, 26 дугаар цэцэрлэгүүдийг Оюу толгой компанийн хөрөнгө оруулалттай ГОХДС-ийн хөрөнгөөр бүтээн байгуулсан.
· “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т 2013 оноос хойш 944 оюутан, сурагч хамрагдаад байгаа бөгөөд хөтөлбөрөөр дамжуулан сурагчид өөрийнхөө авъяас чадварыг нээн хөгжүүлэх, багаар ажиллах, ирээдүйн зорилгоо оновчтой тодорхойлох зэрэг чадварт суралцдаг.
· “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагаа биелүүлж, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх хүрээнд шинээр Ханбогд суманд техникийн сургалтын төв, Налайх дүүрэгт хамгийн орчин үеийн техникийн сургуулийг барьж, Даланзадгад, Чойр, Дархан хот дахь МСҮТ-ийг өргөтгөн шинэчилээд байна.
· “Оюу толгой” компаниас олгодог 3 төрлийн тэтгэлэг, дадлагажигч оюутны хөтөлбөрт одоогоор 1000 гаруй оюутан залуус хамрагдаад байна.
· Австралийн эрх бүхий сургалтын байгууллага болох ИТАС групптэй хамтран багш нарыг сургах төсөл хэрэгжүүлсэн бөгөөд 1900 багшийг мэргэшүүлэн Австралийн гэрчилгээ олгосон.
· Шилдэг ажилтнуудынхаа чадавхийг бэхжүүлэх, ижил төстэй бусад уурхайн шилдэг арга аргачлал, тэргүүн туршлагаас суралцах “Глобал номадс” хөтөлбөрийг санаачлан ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 7 оронд жилд хоёр удаа 8-10 хүний бүрэлдэхүүнтэй баг долоо хоногийн хугацаатай туршлага судалж байна. Ханбогдын сургууль, цэцэрлэгийн цогцолборын тухай
Ханбогдын сургууль, цэцэрлэгийн цогцолборын тухай
· Ханбогдын сургууль, цэцэрлэгийн энэхүү цогцолбор нь нийт 6.079 тэрбум төгрөгөөр баригдсан бөгөөд 640 сурагч, 200 хүүхдийн багтаамжтай юм. Говийн оюу хөгжлийг дэмжих сан мөн тус сургуульд 970 сая гаруй төгрөгөөр шаардлагатай техник төхөөрөмж, тавилгыг худалдаж авч өгсөн болно.
· Ханбогдын 1-р дунд сургуулийн барилга 1990 онд ашиглалтад орсон. Өдгөө тус сургууль 64 (43 нь багш) ажилтан, 1,100 сурагчтай. Сургуулийн даац аль хэдийн хэтэрсэн тул тус суманд шинэ сургуулийн зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм. 1-р дунд сургууль нь нийт 640 хүүхдийн багтаамжтай байсан тул шинэ дунд сургууль энэхүү хүндрэлийг бүрэн шийдвэрлэж байгаа юм.
· Одоогоор Ханбогдод хоёр цэцэрлэг ажиллаж байна. 21-р цэцэрлэгийн барилга 1966 онд баригдсан бол 22-р цэцэрлэгийн барилга 2013 онд баригдсан. Өдгөө хоёр цэцэрлэгт нийт 420 хүүхэд суралцаж байна. Хоёр цэцэрлэгийн даац нийлээд 300 хүүхэд. Харин шинэ 29-р цэцэрлэгт 200 хүүхэд хамрагдана.
· Шинэ 2-р дунд сургууль 35 багш, 26 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулна. Улаанбаатар хотын “Шинэ-Эрин” дунд сургууль нь 2-р дунд сургуулийн менежментийг хариуцаж явах бөгөөд олон улсын хичээлийн хөтөлбөрөөр сурагчдад хичээл орох юм. Үүний зардал болох 200 гаруй сая төгрөгийг Говийн оюу хөгжлийг дэмжих сан гаргасан юм.