Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан хурал дахь АН-ын бүлгийн саналыг үндэслэн хуралдааны дэгийн дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл түр завсарлуулсан. Үүнтэй холбогдуулан тус асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулах байсан боловч хуралдаан завсарлах явцад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдад албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны арваннэгддүгээр сарын 27-ны өдөр гаргасан юм.
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдаас буцаан татаж байгаа талаар албан бичгээр илэрхийлжээ. Үүний улмаас Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Засаг даргыг чөлөөлөх эрх зүйн үр дагавар үүссэн тул уг асуудлыг НИТХ-ын төлөөлөгчдөөс ээлжит бус V хуралдааныг үргэлжүүлэн хуралдуулж, тухайн асуудлаар санал хурааж шийдвэрлэх шаардлагагүй болсон байна.
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн заажээ. Тиймээс Хотын дарга С.Батболдын орыг залгах эрхмийг МАН дотроо хэлэлцэж, УЗ-өөс шийдвэр гарган НИТХ-д өргөн барьж энэ асуудал шийдэгдэхээр боллоо.