2018.07.25 ОХУ-аас цас, мөс хайлуулдаг бодисыг кг-ыг нь 6,150 төгрөгөөр, 123 сая төгрөгөөр 20 тонн давс худалдаж авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөртэй ярилцлаа.
-Цас мөс хайлуулдаг тусгай бодисыг кг-ыг нь 6,150 төгрөгөөр ОХУ-аас худалдаж авч байна. Гэтэл 3,000 төгрөгөөр нийлүүлэх боломж байсан мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ мэдээлэл үнэн юм уу. ОХУ-аас хэдэн төгрөгөөр бодис импортолдог юм бэ?
-Цас, мөсийг цэвэрлэхдээ тусгай бодис эсвэл давс цацаж, хайлуулах замаар цэвэрлэдэг, 2016 оноос өмнө БНХАУ-аас тусгай бодис импортолдог байсан юм билээ. Гэтэл концентрац бага учир үр ашиг багатай байсан. Өртгийн хувьд тонныг нь 300-350 мянгаар худалдаж авдаг байсан санхүүгийн баримт бий. Хэдийгээр энэ нь бага өртөгтэй боловч Улаанбаатар хотын -30-40 хэмд тохиромжгүй байсан.
Цас орсны дараа бодис цацахаар хайлдаг хэр нь шөнө нь хөлдөж, мөсөн толио үүсдэг байсан. Тиймээс 2016 оноос ОХУ-ын Иркутск, Новосибирьскээс Монгол орны цаг уурт тохирсон тусгай бодис импортлох шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, 96 хувийн процентын концентрацтай, хайлуулах, дулаанаа барих чадамж өндөртэй бодисыг хэрэглэхээр сонгосон. Ингээд 2017 онд тонныг нь 470-550 мянган төгрөгийн хооронд байхаар тендер зарласан.
Хоёр удаагийн тендерээр 1450 тонн тусгай зориулалтын бодис импортолсон. Үүнийгээ одоо хэрэглэж байна. Энэ жилий“н хувьд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 550 сая төгрөгт тендерийн хамгийн бага үнэлгээ болох тонныг нь 470 мянган төгрөгөөр тооцож 750 тонн тусгай зориулалтын бодис ОХУ-аас импортолсон. Дээр нь өмнөх оны 111 тонн үлдэгдэл бодис бий. Энэ жилийн хувьд цас ихтэй байх учир Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 250 сая төгрөгөөр зөвхөн бодис худалдаж авахаар гэрээ хийж, тендер зарласан.
Сонгон шалгаруулалтад ирсэн материалаас үзвэл, тонн нь 550-590 мянган төгрөгөөр гэрээ хийх санал ирсэн байна лээ. Өмнөх жилийнхээс өссөн шалтгаан нь валютын өсөлт болон ОХУ-аас Монгол руу тээвэрлэлт хийх вагоны хүрэлцээ тааруу байгаатай холбоотой юм билээ.
-Давсны хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломжтой атал гаднаас худалдаж авлаа гэдэг шүүмжлэл гарсан?
-Давсыг дотоодоосоо 100 хувь хангадаг. Тодруулбал, Ховд, Увс аймгийн нуурын давс хэрэглэдэг. Тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд тонн давсыг 300-350 мянган төгрөгөөр тооцож, 250 тонн бодис нийлүүлсэн. Үүнийг нь Хот тохижилтын газрын агуулахад хураасан. Ингэхээр кг давс 300-350 төгрөг болж таарч байгаа биз. Гэтэл цахим орчинд кг-ыг нь 6,150 төгрөгөөр худалдаж авч байна гэх мэдээлэл цацагдсан. Итгэхгүй байгаа бол санхүүгийн баримтыг үзэж болно. Хэрэглээний хувьд хүнсний төрлийн давс мөн. Гэхдээ хатуу талсттай, бор өнгөтэй. Нуураас шанагаар хутгаж авдаг.
Хүнсэнд хэрэглэхийн тулд тусгай технологиор боловсруулах ёстой. Өнөөдрийн байдлаар Хот тохижилтын газарт 2270 тонн давс байгаа. Иргэд янз бүрийн санал хэлдэг л юм. Хэллээ гээд яах юм бэ. Бид Тендерийн тухай хуулиа мөрдөж, улсын ажлыг явуулах ёстой. Хувийн эрх ашгийн үүднээс хандаж болохгүй биз дээ. Иргэд анзаарсан бол бодис цацсаны дараа цас хайлж хатахаараа хужир шиг цагаан өнгөтэй болдог. Энэ нь концентрац өндөртэй, сайн чанарын бодис гэдгийг харуулж байгаа юм. Ер нь манай орны нөхцөлд Иркутск, Новосибирьскт үйлдвэрлэдэг концентрац өндөртэй бодис зохицохоос биш хятадад үйлдвэрлэсэн концентрацийн агууламж багатай бодис тохирохгүй. Хэрвээ хятадынхыг хэрэглэвэл хэдэн жилийн өмнөх шиг халтиргаатай замтай хэвээрээ байх болно.
-Дунджаар хэдэн аж ахуйн нэгж тендерт оролцдог юм бэ?
-Хэрэгцээ бага болохоор олон аж ахуйн нэгж санал ирүүлдэггүй. Нийслэлийн хувьд 250-500 тонныг нийлүүлдэг. Дүүргийн хувьд тусдаа тендер зарладаг. Гэхдээ голдуу давс авдаг юм билээ. Хувийн хэвшлийн хувьд алслагдсан зам буюу Шувуун фабрик, Нисэх, Яармаг, Аргүнт, Шаргаморьтын замыг хариуцаж ажилладаг. Ингээд тооцохоор Улаанбаатар хотын 381 км зам, замын байгууламжийг төрийн болон хувийн хэвшлийн 21 байгууллага хариуцаж ажилладаг.
-Хоёр вагон бодис ОХУ-аас ирнэ гэсэн. Хэзээ ирэх вэ?
-Монгол руу тээвэрлэлт хийх вагоны хүрэлцээгүй байдлаас болж бодисоо нааш тээвэрлэж чадахгүй олон хоногоор саатсан. Тиймээс Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаад хүсэлт тавьсны дагуу 14 вагоноос 12 нь түрүүлж ирсэн. Хэд хоногоос үлдэгдэл хоёр вагон бодис ирнэ.
-Давс хэрэглэх нь бага өртөгтэй юм чинь үүнийгээ түлхүү авах хэрэгтэй биш гэж үү?
-Үр ашиг нь ямар байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Давс дангаараа цасыг хайлуулах чадамж муу. Харин тусгай зориулалтын бодис нь давснаас хэд дахин илүү үр ашигтай. Гадаа дулаарсан үед давсаа түлхүү хэрэглээд цас их унасан үед бодисоо хэрэглэхийг холбогдох газрын удирдлагуудад зөвлөсөн. Ингэж л бодисоо хэмнэхгүй бол байгаагийн зоргоор хэрэглэвэл ашиггүй зардал өснө. Нөгөө талаасаа зам дээр бодис цацахдаа автомашины дугуйны эргэлтэд тааруулахыг зөвлөсөн.
Мөн цас ороод дагтаршиж, мөс болсны дараа хүрз, жоотуугаар нүдэж, хусдаг байсан тогтолцоог халахыг хичээж байна. Цас оронгуут нь дагтаршихаас нь өмнө шойтогтой машин цасыг нимгэллээ. Араас нь бодисоо жигд цацаад хайлангуут нь замын нуух, хашлагаа цэвэрлэдэг менежментийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байна. Ингэвэл бодис, давсаа хэмнэнэ. Дагаад халтиргаа гулгаа үүсэхгүй. Харамсалтай нь, зарим аж ахуйн нэгжийн техник, хүн хүч хүрэлцээгүй байдлаас болж тэр бүр ажил хэрэг болж чадахгүй байна.
-Одоо нөөцөлсөн бодис, давсны хэрэгцээ энэ өвөлд хангалттай юу?
-Хүргэхийг хичээнэ. Цас ойр ойрхон давтамжтай орвол хүрэхгүй байж мэднэ.
Эх сурвалж: