УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2018.11.23) Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсөвт болон дагалдан батлагдсан хууль тогтоомжуудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эцэслэн баталлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар УИХ-д оруулж ирсэн Ерөнхийлөгчийн хоригийн “тодотгол”-ыг хэлэлцэж хэсэгчилсэн хоригийг ч хүлээж авалгүйгээр, төсөвт тодотгол хийх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр байр сууриа нэгтгэж, улмаар Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Энэхүү байр сууриа гишүүд мөн чуулганы хуралдаанд илэрхийлж байлаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны саналаар Монгол Улсын 2019 оны төсвийн хуульд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын 46 гишүүнээс 82,6 хувь нь дэмжсэнээр УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс оруулсан саналын 500 тэрбум төгрөг хүртэлх нэн хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 1.4-т заасныг үндэслэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Засгийн газарт даалгахаар болов.

Хүлээж авах боломжгүй гэж УИХ-ын гишүүдийн олонхи үзсэн учраас Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг батлах ёстой. Уг тогтоолын төслийг гишүүдийн 76,1 хувиар дэмжин баталлаа.

Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг хуулиар тогтоосон хугацаанд нь хэлэлцэж, Монгол Улсын 2019 оны төсвийн хууль болон уг хуулийг дагалдан батлагдсан бусад хууль тогтоомжууд хүчинтэй хэвээр үлдэж байна.

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн