Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус V хуралдаан эхэлсэн боловч нэг цаг завсарлахаар боллоо. Өглөө эхлэх байсан хурал хойшилсон шалтгаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн МАН-ын бүлэгт дотроо хэлэлцэх асуудал байсан учир хуралдааныг хойшлуулсан гэдэг тайлбарыг хэлж байлаа. Өнөөдрийн (2018.11.23) хуралд 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 43 нь оролцож байна. Хоёр төлөөлөгч хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй байгаа юм байна.
Хуралдааны эхэнд НИХТ дахь АН-ын бүлгээс “Хотын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд оруулж ирсэн тул хэн энэ асуудлыг танилцуулах вэ” гэсэн асуулга тавьсан бөгөөд АН-ын бүлгийн горимын саналыг Э.Бат-Үүл танилцуулж “Бидэнд асуух асуултууд байна. Ерөнхий сайд ирэх хүртэл Ардчилсан намын бүлэг завсарлага авах саналтай байна. 10 минутын дараа ирвэл бид эргээд ороод ирнэ” гэсэн юм.
Мөн нийслэлийн МАН-ын бүлгийн зүгээс “Хоёрхон хоногийн дотор нийслэлийн төсвийг өргөн барих хугацаа тулчихсан энэ үед уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй байгаа нь хүндрэлтэй байна. Тиймээс 14 хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлтэй байна” гэв.
Ингээд НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хурлын дэгийн дагуу анх горимын санал гаргасан АН-ын хүсэлтийн дагуу 17:40 цаг хүртэл завсарлага өгье” гэснээр хуралдаан нэг цагаар завсарлалаа.