Нийгмийн эрүүл мэндийн судлаач, Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн зөвлөх, Анагаах ухааны доктор Ч.Оюунтай эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зохистой хооллолт, стресс бухимдлыг тайлах зэрэг манай улсад тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа.
Ч.Оюун эмч ОХУ-ын Эрхүүгийн Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн өөс хойш Австрали улсын Мельбурн хот дахь Монашийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны сургуульд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн АНУ, Шинэ Зеланд, Австрали, Япон, Солонгос, Малайз зэрэг улс оронд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж мэргэшсэн бөгөөд энэ чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч юм. Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн, Олон улсын таргалалтын эсрэг нийгэмлэгийн гишүүн, Австрали, Шинэ Зеландын Таргалалтын эсрэг нийгэмлэгийн гишүүн. Энэхүү ярилцлагаар дамжуулан Уншигч Танд монголчуудын хувьд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх болон эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд тус болох хамгийн сүүлийн үеийн судалгаанд үндэслэсэн үнэтэй зөвлөмж, хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.
-Та эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээрээ хэр удаан ажилласан бэ?
-Би ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд нийслэлийн Нэгдүгээр амаржих газар, дараа нь ЭХЭМҮТ-д Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллахын зэрэгцээ эмнэлзүйн эрдэм шинжилгээний ажилтан хийж байсан. 2000 оноос эхлэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил илүү сонирхол татсан учир урьдчилсан сэргийлэх анагаах ухааны чиглэлээр өргөн хүрээнд үргэлжлүүлэн ажиллах болсон.
-Та чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар докторын судалгаагаа хийсэн юм байна. Сүүлийн үед манайд энэ өвчлөл нилээд нэмэгдэж байгаа энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Би нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаад 2012-2016 онд Австрали улсын Мельбурн хот дахь Монашийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалах хугацаанд 4-5 жил эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийсэн. Докторын ажлын сэдэв маань “Монгол улс дахь зүрх-судасны өвчлөл, чихрийн шижингийн анхдагч урьдчилан сэргийлэлтийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүрээ”-нд хэрхэн явуулах талаарх тоон ба чанарын хавсарсан судалгаа байсан.
Зүрх, судасны өвчлөл, чихрийн шижин бол зөвхөн анагаах ухааны бус, түүнд нөлөөлж буй нийгэм эдийн засгийн түвшний өргөн хүрээний асуудлыг хамарсан цогц ойлголт. Энэ өвчлөлд хүргэж байгаа анхдагч болон завсрын хүчин зүйлсийг цогцоор нь тууштай бууруулж байж, өвчлөл эндэгдлийг бууруулах боломжтой. Үүнтэй уялдууланМонгол улсын насанд хүрэгчдийн дунд зүрх судасны өвчлөл, чихрийн шижинд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлсийн тархалыг тодорхойлох үүднээс илүүдэл жин, таргалалтын 2000 оноос хойшх чиг хандлагыг хүн ам зүй, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр нарийвчлан судалсан.
-Таны хийсэн судалгаагаар ямар үр дүн гарав?
-Судалгаанаас харахад 2000 оноос хойш насанд хүрсэн хүн амын дунд илүүдэл жин, таргалалт тасралтгүй нэмэгдэж, 18-64 насны эмэгтэйчүүдийн 53 хувь, эрэгтэйчүүдийн 63 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. 2005, 2009, 2013 онд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааны дүнтэй дүйж байна.
Өөрөөр хэлбэл, Монголд насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь зүрх- судасны өвчлөл, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчлөл зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл, зарим талаараа анхдагч суурь шалтгаан юм (http://www.who.int/ncds/en/).
Түргэн хоол нь хоосон илчлэг ихтэй, шим тэжээл багатай, энгийн нүүрс усаар баялаг. Ийм хүнс хэрэглээд, хөдөлгөөн хийхгүй, спортоор хичээллэхгүйгээс илүү жин, таргалалт үүсэж байна.
Судалгааны үр дүн бол хөдөлшгүй баримт нотолгоо учир нотолгоонд тулгуурлан бодлого төлөвлөлт, нөөцийн хуваарилалт хийгдэнэ. Сонирхолтой нь хүн амын дунд хурдацтай нэмэгдэж буй илүүдэл жин, таргалалтын тархалтыг насны бүлэг, хүйс, газар зүйн байрлал, боловсролын түвшнээр задалж үзэхэд эдгээрээс үл хамааран адилхан нэмэгдэж байна.
2017 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг авч үзэхэд Монгол хүний дундаж наслалт 70 гэх боловч эмэгтэйчүүдийн хувьд 75.4, эрэгтэйчүүдийн хувьд 65.8 байгаа нь эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын ялгаа их байгаа биз. Эрчүүд яагаад богино насалж байна вэ гэхээр зүрх, судасны өвчлөл, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчлөлд хүргэж буй эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи тамхины хэрэглээ өндөр байгаатай зарим талаараа холбоотой юм.
-Таргалалт хот хөдөөгүй, бүх насныханд эрчимтэй нэмэгдэж байгаагийн шалтгаан юу вэ?
-2000 оноос өмнөх мал аж ахуй, газар тариалан эрчимтэй хөгжиж байсан үеийг эргэн саная л даа. Машин техник ховордуу, нийтийн тээврээр зорчдог, оюутнууд гэхэд л хавар, намрын ажилд дайчлагддаг, нийтээрээ өглөөний дасгал хийдэг зэргээр хөдөлгөөний дутагдалтай хүн ховор байв. Тиймээс бид дасгал, хөдөлгөөн, эрүүл тэнцвэржүүлсэн хооллолт хоёрт л гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Монголчуудын уламжлалт заншлаа аваад үзэхэд зуны улиралд сүү цагаан идээг түлхүү хэрэглэдэг.
Өвөл нь борцолсон махаа хэрэглэдэг гэх мэтээр маш зөв хооллодог байсан. Орчин цагт манайхан өвөл, зунгүй маш их махан идэштэй болохын сацуу ходоод дүүргэх “хоосон илчлэг” ихтэй, харин шим тэжээлээр дутмаг хүнс түлхүү хэрэглэх боллоо. Даяаршил, хотжилт, шилжих хөдөлгөөнтэй холбоотойгоор бидний эргэн тойронд түргэн хоолны газрууд, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн бүхий цэгүүд олноор байгуулагдлаа. Ийм хүнс хэрэглээд, дасгал, хөдөлгөөн хийхгүй, спортоор хичээллэхгүйгээс илүү жин, таргалалт үүсч байна.
Илүүдэл, жин таргалалтаасаа салахын тулд хоол сойх нь буруу. Эрүүл зохистой хоол хүнсийг сонгон хэрэглэх нь хамгийн чухал. Хүн өдөр тутам хоол хүнсээрээ дамжуулан шим тэжээл авч байх ёстой.
-Таргалалттай хүмүүсийн дунд хоолоо сойх маягаар жингээ хасах ойлголттүгээмэл байдаг. Хоол сойх нь эрүүл мэндийн талаас хэр зөв зүйтэй алхам бэ?
-Эрүүл зохистой хооллолт нь хоол сойх тухай ойлголт огт биш юм. Хоол, хүнсний зөв сонголт хамгийн чухал. Хоол хүнсний сонголтоо зөв хийхийн тулд эрүүл мэндийн боловсролтой, тэр дундаа шим тэжээлийн тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаан дээрх шошгыг хараад, зөв үнэлж дүгнэх чадварт суралцах шаардлага бий. Тэр хэрээр эрүүл хүнс сонгон хэрэглэж таарна. Хүн өдөр тутам хоол хүнсээрээ дамжуулан хоногийн хэрэгцээт илчлэг, уураг, ашигтай өөх тос, нийлмэл нүүрс ус, амин дэм, эрдэс бодисоор баялаг шим тэжээл авч, эрүүл, эрч хүчтэй, уужуу тайван, чанартай амьдрах нөхцөл бүрдэнэ.
Хэрэв тэгж чадахгүй бол бие организм суларч, ядрах, дархлаа муудах, анхаарал төвлөрөхгүй байх, ажлын бүтээмж буурах, оюуны чадамж доройтох, өвчин эмгэгт өртөх зэргээр сөрөг үр дагаврууд гарна. Нэг ёсондоо машин техник шатахуунгүйгээр явдаггүйтэй адил юм. Уураг, ашигтай өөх тос, нийлмэл нүүрс уснаас бүрдэх макро шим тэжээл, амин дэм, эрдэс бодисоос бүрдэх микро шим тэжээлээр баялаг хүнсийг бид өдөр тутам хэрэглэж байх ёстой, үүнд загас, тахиа, өндөг, шош, шар буурцаг, овъёос, дүпү, сүү, сүүн бүтээгдэхүүн багтана. ,. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 75-100 гр уургийг аль болох ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс авах нь эрүүл мэндэд илүү ээлтэй. Ашигтай өөх тос гэхэд л хоногийн хэрэгцээ 70 гр орчим, нийлмэл нүүрс ус 210-230 гр орчим байна.
-Монгол хүний эрүүл мэндийн байдлыг ерөнхийдхарвал ямар дүгнэлт хийж болох вэ?
-Энэ тухай тодорхой судалгаанд үндэслэн ярих ёстой. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодорхойлсон Монгол хүний эрүүл мэндийн зураглалыг харахад насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 4 хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой байна.
10 хүний 9 нь зөвлөмж болгож буй хэмжээгээр жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэхгүй байна, таван сурагчийн дөрөв нь хийжүүлсэн ундаа хэрэглэж байна (http://www.ncph.gov.mn).
2017 оны “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайлангаар төрөх насны эмэгтэйчүүдийн 28% нь төмөр дутагдалтай, 30% нь Д аминдэмийн дутагдалтай, бага насны болон өсвөр үеийнхний 22% нь биеийн жин дутуу, өсөлтийн хоцролттой болох нь нотлогдлоо.
Тэгэхээр дахиад л нэг талаараа илчлэгийн илүүдлийн улмаас таргалалт, илүүдэл жин үүсээд байгааг нөгөө талаас ходоод дүүргэсэн хоосон илчлэгтэй хоол хүнс хэрэглээд, шим тэжээлийн дутагдалтай байгааг баталсаар байна.
-Цатгалан мэт боловч нөгөө талаас шим тэжээлийн дутагдалтай байна гэсэн үг үү?
-Тийм ээ, шим тэжээлгүй хүнсээр ходоодоо дүүргээд байна л даа. Илчлэг өндөртэй, энгийн нүүрс усаар баялаг шарсан төмс, бялуу, жигнэмэг зэрэг цагаан гурилан бүтээгдэхүүнүүд, чихэрлэг ундаанууд өргөн хэрэглэж байна. Эдгээр нь бие организмд задрах явцад илүүдэл илчлэг, сахар нь өөх болж хуримтлагддаг. Цусан дахь сахарын агууламж төдий чинээ өндөр байх нь чихрийн шижингийн эрсдэл тэр хэмжээгээр нэмэгдэнэ.. Ингээд илчлэгийн илүүдэлтэй, шим тэжээлийн дутагдалд орж эрүүл бус, тэнцвэргүй хооллож, дээр нь хөдөлгөөний дутагдалтайн улмаас монгол хүний эрүүл мэнд доройтож байна.
-Энэ хоёр үндсэн шалтгаанаас үүсэх сөрөг үр дагавар юу байх вэ?
-2017 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад 2000 оноос хойш нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчлөл, хоёрдугаарт хорт хавдар,гуравдугаарт осол гэмтэл болон гадны шалтгаантай өвчлөлүүд байраа солихгүй явсаар байна. Энэ нь бидэнд эрсдэлт хүчин зүйлийн тархалт өндөр байгааг харуулсаар байна. Гол эрсдэлт хүчин зүйлс нь нөгөө л илүүдэл жин, таргалалт, хөдөлгөөний хомсдол. Хүмүүс алхах, дугуй унах, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийхгүй байна гэсэн үг л дээ. Энэ эрсдэлүүдийг дэлхий нийтээр ХХ зууны тахал гэж нэрлэж байна.
“Үдийн цай”-ны хоол хүнсний бүтцэд өөрчлөлт оруулж, төрөл бүрийн ногооны зутан, хөц будаа, гурвалжин будааны холимог бөөрөнхий мах, уургаар баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шим тэжээлт хоол хүнсээр солимоор байна. Үнэд нөлөөлөхгүйгээр хоолны бүтцэд чанарын өөрчлөлт хийх боломжтой.
Энэ нь зөвхөн Монголд тулгамдсан асуудал биш, дэлхий дахины эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байна. Дэлхий дахинд нас барж байгаа гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр, 4 хүний нэг нь хавдрын улмаас, 4 хүний нэг нь осол гэмтэл, хордлого, амиа хорлолт гэх мэт гаднын хүчин зүйлсийн улмаас хорвоог орхиж байна. Нийт нас баралтын тохиолдлыг 100 хувь гэж үзэхэд халдварт бус өвчний нас баралт 60-70 хувийг эзэлж байна.
Архи, тамхины хэрэглээ өндөр, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол гэх үндсэн дөрвөн хүчин зүйлсээс болж зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчлөлүүд багтдаг халдварт бус өвчин үүсдэг. Төрөх насны эмэгтэйчүүд шим тэжээлийн дутагдалтай байхад хүүхэд жин багатай, амьдрах чадвар муутай хүүхэд төрөхөөс гадна цаашдаа хүүхэд өсөлт хөгжлийн хоцрогдолтой болж, энэ нь хүүхдийн оюуны чадамж, сурлагын амжилт, анхаарал төвлөрөх чадварт сөргөөр нөлөөлж байна.
-Дунд сургуулийн цайны газар, ойролцоох дэлгүүрүүдэд ундаа, чипс зэрэгхүүхдийн эрүүл мэндэд ашиггүй зүйлс худалддаг тухай шүүмжлэл ихгардаг ч энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй байх шиг санагддаг?
-Сурагчид сургуулийнхаа орчинд хийжүүлсэн ундааг өдөр тутам ууж, хуушуур пирожки зэрэг хайрч хуурсан хоол, мантуун бууз, бургер зэрэг нүүрс усаар баялаг, хоосон илчлэгтэй хүнсийг хэрэглэсээр байна. Өсвөр насныхны дунд түгээмэл болж буй илүүдэл жин, таргалалт үүнтэй холбоотой. Тиймээс ерөнхий боловсролын сурагчдын хооллох хэв маягийг цаг алдалгүй өөрчлөхгүй бол болохгүй нь. Үүний тулд төрөөс “Үдийн цай”хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Хүүхэд өлөн явах нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдгийг судалгааны дүнгээр нотолсон. Өлссөн хүүхдийн анхаарал төвлөрөхгүй.
Эсвэл чанаргүй хоол хүнс хэрэглэснээс амин дэм, эрдсийн дутагдал орсон хүүхдийн анхаарал төвлөрөхгүй, сурлагын чанарт сөргөөр нөлөөлдөг. Гэтэл “Үдийн цай”хөтөлбөрийг бага төсөвтөө баригдаж чанаргүй хүнс өгч байна гэсэн шүүмжлэл гарч байна. Одоо “Үдийн цай”хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоол хүнсний орц найрлагад анхаарал хандуулъя. Шим тэжээлтэй зутан, хөц будаа, гурвалжин будааны холимог бөөрөнхий мах, төрөл бүхийн нухаш, уургаар баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шим тэжээлт хоол хүнсээр солимоор байна. Үнэд нөлөөлөхгүйгээр хоолны бүтцэд чанарын өөрчлөлт хийх боломжтой. Энэ нь хүүхэд алсдаа эрүүл хооллолттой иргэн болж төлөвшихөд тустай. Сургуулийн ойролцоох жижиг дэлгүүр ТҮЦ-нд худалддаг бүтээгдэхүүний нэр төрлийг ч өөрчилмөөр байна. Хийжүүлсэн ундааны оронд жижиг савлагаатай, амин дэмээр баяжуулсан тараг, үзэм, аньс, чацарганы шүүс тавимаар байгаа юм.
-Тэгэхээр аминдэмийн дутагдалтай эсэхээ тодорхойлуулах шаардлагатай юу?
-Амин дэмийн дутагдалтай эсэхийг эмчийн үзлэгээр илрүүлж болно. Эрч хүчгүй, идэвхгүй байх болон гадаад зүс царайнаас ч харагдана. Тухайлбал, арьс хуурайших, үс унах, салаалах, хумс хугарамтгай, тэгш бус байх, амархан ядрах, ажилдаа ямар нэг санаачилгаггүй байх. Сургуулийн насны хүүхдийн хувьд сурлагын амжилт тааруу, анхаарал төвлөрөхгүй байх, нойрмоглох, залхуурах гэх шалтгаанууд тодорхой хэмжээгээр амин дэм, эрдэм бодисын дутагдалтай байгааг илэрхийлнэ. Баталгаажуулахын тулд лабораторийн шинжилгээ хийлгэж, байх ёстой амин дэм эрдэм бодисын хэмжээг тодорхойлуулж болно. Энгийн цус, шээсний шинжилгээгээр ч илрүүлж болно.
-Биед хэрэгтэй эрдэс бодисуудыг хоол тэжээлээр авч чадахгүй бол гадуур өргөн сонголттой худалдаж буй төрөл бүрийн витаминаар нөхөх хэрэгтэй гэсэн үг үү?
-Юун түрүүнд макро, микро шим тэжээлээр баялаг хоол хүнсийг хэрэглэж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлбэл заавал нэмэлт витамин, бэлдмэл авах шаардлагагүй юм. Хэрэв амин дэм, эрдэс бодисын дутагдлууд нь эрүүл мэндийн эмгэг болж, ноцтой асуудал тулгарвал аминдэм, эрдэс бодисын бэлдмэлүүдийг эмчилгээний тунгаар хэрэглэх шаардлага гарна. ДЭМБ-аас хүн эрүүл, эрч хүчтэй байх, чанартай амьдрах, урт наслахад тус болох “Эрүүл мэндийн 12 санамж”ийг гаргасан.
Энэ 12 санамжийн нэгдүгээрт эрүүл хооллолт, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх, бухимдлаа зөв тайлах, архи, тамхинаас татгалзах, хүүхдээ хөхөөр хооллох гэх мэт өдөр тутам хэрэгжүүлж болохуйц энэ зөвлөмжийг хэвшүүлж чадвал эрүүл, чанартай амьдрах боломжтой.
-Яриагаа шим тэжээлт хоол хүнсний сэдэв рүү чиглүүлье. Шим тэжээлэр баялаг хоол, хүнсийг хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгөөч?
-Төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, чипс, шоколад, зайрмаг, хийжүүлсэн ундаа зэрэг нь нүүрс усаар баялаг, маш их хоосон илчлэг агуулдаг гэдгийг бид мэднэ дээ. Үүний оронд хөц будаа, хар будаа, гурвалжин будаа, хоёрдугаар гурилаар хийсэн жигнэлтийн хоол хүнс, хүнсний ногоотой хоол хүнс өдөр тутам тогтмол хэрэглэх шаардлагатай байна. Мөн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тогтмол хэрэглэ.
Хүнсний ногоо, жимс жимсгэний хувьд тод өнгөтэй нь амин дэм, эрдэс бодисоор хамгийн баялаг байна. Хэр зэрэг гүн ногоон, улаан, улбар шар байна төдий чинээ шим тэжээлээр баялаг гэсэн үг. ДЭМБ болон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс боловсруулсан зохистой хооллолтын зөвлөмжид хүн өдөрт 5-6 удаа, бага багаар хооллоно. Тэгж байж хоол хүнсээр авсан шим тэжээл, эрдэс бодис, амин дэмийн ачаар эрүүл, саруул, эрч хүчтэй байнашингэнэ. Дээр нь өдөрт ууж буй 1.5- 2 литр ус тэр шим тэжээлийг биеийн эд эс, эрхтэн системүүдэд зөөвөрлөж өгдөг.
-Хүүхэд бор хоолонд ороход л ээжүүд хүүхдийн будааг /Манный каш/ хоолны цэсэд нь оруулдаг. Монгол хүүхдийн уламжлалт хоол гэж болох хүүхдийн будааны талаар Та юу хэлэх вэ?
-Манный каш энгийн нүүрс усаар баялаг, илчлэг өндөртэй. Үүний оронд шар будаа, хулуу, броклины зутангууд, лууван, хулууны нухаш, гүн ногоон өнгөтэй, тод өнгийн хүнсний ногоо жимс, жимсгэнэ амин дэмээр баялаг хүнсийг сонгож болно. Амтлах бол бага зэрэг бор элсэн чихэр, бурамтай элсэн чихэр зэрэг үйлдвэрлэлийн процесст ороогүй чихрээр амтлан, нухаш, зутан хэлбэрээр өгч болно. Эрүүл амьдралын хэв маяг гэдэг зөвхөн эрүүл хооллох тухай ойлголт биш хэд хэдэн асуудлыг багтаасан өргөн утга агуулгатай. Эрүүл хооллохоос гадна дасгал хөдөлгөөн, шингэний зохистой хэрэглээ маш чухал.
Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга /200 мл/ бүлээн ус ууна. Ингэснээр бие организм бүрэн сэрнэ, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо идэвхжиж эхэлнэ.
-Хүн өдөрт хоёр литр ус уух ёстой гэсэн ойлголт бий?
-ДЭМБ-аас насанд хүрсэн хүн өдрийн турш 1.5-2 литр ус уухаар зөвлөдөг. Тэгж байж эрч хүчтэй, идэвхтэй, арьс хүртэл толигор өнгөлөг байдаг. Шингэний дутагдлын гол шинж нь үсний өнгө алдаж, хуурайших, унах, салаалах нь наад захын шинж тэмдэг. Монгол орон хуурай уур амьсгалтай. Эрс тэс уур амьсгалтай оронд шингэн зүйл сайн уухгүй бол арьс салст хуурайшиж, эрч хүчгүй, үлбэгэрдүү болохоос гадна булчин суларч унждаг.
Өглөө босоод өлөн элгэн дээрээ нэг аяга /200 мл/ бүлээн ус ууна. Ингэснээр бие организм бүрэн сэрнэ, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо идэвхжиж эхэлнэ. Түүнээс хойш 30 минутаас цагийн зайтай нэг стаканаар уухад болно. Орой 17.00 цагаас хойш уух усаа багасгаж, бие организмыг унтахад бэлдэнэ гэсэн үг. Бөөр ачаалал авахаас сэргийлж, оройн цагаар их ус уухыг зөвлөдөггүй. Дээр нь хангалттай, чанартай нойр. Энэ бүхэн нийлж байж, эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж байна гэж ойлгож болно.
-Монголчуудын давсны хэрэглээ ихтэй гэдэг?
-Эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягт давсны хэрэглээ маш чухал байр суурь эзэлнэ. Насанд хүрсэн хүн хоногт 5гр /1 цайны халбага/ давс хэрэглэх ДЭМБ-ын лавлагаат хэмжээ бий. Хүүхдийн хувьд наснаас шалтгаалан багасна. 2011 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс насанд хүрсэн хүний давсны хэрэглээний судалгаа хийхэд хоногт лавлагаат хэмжээнээс 3 дахин их буюу 12-15 гр давс хэрэглэж байгаа нь тодорхой болсон. Давсны хэрэглээ өндөр байх нь артерийн даралт ихсэх өвчинд өртөх үндсэн шалтгаан.
Цай, хоолонд давс хэрэглэхээс гадна талх, төрөл бүрийн гурилан болон лаазалсан бүтээгдэхүүнд давсны хэмжээ далд байдлаар агуулагддаг. Далд давстай бүтээгдэхүүнийг бид өдөр тутам анзааралгүйгээр хэрэглэдэг.
Энэ бүхэн нийлээд давсны хоногийн хэмжээнээс давж байна. Тэгэхээр утсан хиам, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг аль болох бууруулах шаардлагатай байна.
-Та олон улсын мэргэжлийн холбоодын гишүүн. Эрүүл амьдралын хэв маягтай холбоотой шинэлэг мэдээлэл, зөвлөмжүүдийг тогтмол авдаг уу ?
-Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн, Олон улсын таргалалтын эсрэг нийгэмлэгийн гишүүн, Австрали, Шинэ Зеландын Таргалалтын эсрэг нийгэмлэгийн гишүүн учир тэндээс гарч буй зөвлөмжүүд, өдөр тутмын судалгааны үр дүнгүүд, дэлхий дахинд өнөөдөр ямар зөвлөмж өгч байна, ямар зорилт тавьсныг гишүүн байгууллагуудаараа дамжуулан өдөр тутам авна. Өөрийн улс орны эрүүл мэндийн байдалтай харьцуулаад харахад бас сонирхолтой.
Олон улсын таргалалтын эсрэг нийгэмлэгийн тухайд ДЭМБ-аас гаргасан эрүүл мэндийн зөвлөмжүүдийг гаргаж, таргалалтын эсрэг ямар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байна, улс орнуудын сайн туршлагыг хуваалцах зэргээр мэдээлэл өгч байна. Мөн миний зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг АНУ-д төвтэй Herbalife Nutrition компанийн бусад улс орнууд дахь мэргэжил нэгт зөвлөхүүдтэйгээ бас харилцан туршлага солилцож цаашлаад Монгол дахь гишүүддээ хүргэж ажилладаг. Гишүүд маань орон даяарх эрүүл амьдралын хэв маягийн клубүүдээрээ дамжуулан зөв хооллолт, амьдралын эрүүл зөв хэв маягийн талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээллийг практикт хэрэгжүүлэн ард иргэддээ хүргэх гүүр болж ажилладаг.
Скандиновын орнуудад хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс болон хоосон илчлэг өндөртэй хүнсний албан татварыг нэмэх замаар хоол хүнсний сонголтод нь нөлөөлж байна. Монголд хэрэгжиж буй Архи, тамхины онцгой албан татвартай агаар нэг шийдвэр юм.
-Улс орнуудын сайн туршлагаас Монголд хэрэгжүүлж болох ямар сайн туршлага байна вэ?
-Эрүүл мэндийн эсрэг өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр улс орнууд тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын тухайд ч бодлого төлөвлөлт хийж байна. Улс орнууд эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах стратегиа эрчимтэй хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийг дэмжих нь ганцхан эрүүл мэндийн салбарын хийх ажил биш. Улс орны нийгмийн бүх салбарууд зэрэг ажилладаг. Эрүүл мэндийн салбар бодлого зохицуулалтаараа манлайлж, бусад салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгаж өгч байна.
Тухайлбал, хот төлөвлөлтийн газраах дэд бүтцийг хөгжүүлэх, зам тээврийн салбар зам, гүүр барихдаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж, явган хүний зам, дугуйн замыг хамтад нь шийдэх юм. Хот төлөвлөлтөд ч тэр барилга барих газрын зөвшөөрөл өгөхдөө оршин суугчид амрах, хүүхэд тоглох, гимнастик хийх, явган алхах талбай байгуулах, бассейнтай байх гэх мэтээр стандарт шаардлага тавьж, тусгай зөвшөөрөл олгодог. Жишээлбэл, Финлянд, Норвеги, Швед зэрэг Скандиновын орнуудад уламжлалт хоол хүнс нь уураг, ашигт өөх тос, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс байдаг.
Нөгөө талаас иргэд нь дасгал хөдөлгөөн хийх, дугуй унах зэрэг хүн амьдрахад хамгийн ээлтэй орчныг бүрдүүлсэн. Тиймээс ч хүн амьдрахад хамгийн ээлтэй улс орнуудаар тодорхойлогддог. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс болон хоосон илчлэг өндөртэй хүнсний албан татварыг нэмэх замаар хоол хүнсний сонголтод нь нөлөөлж чадаж байна. Монголд хэрэгжиж буй архи, тамхины онцгой албан татвартай нэгэн адил сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулах замаар эрүүл хооллолтыг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна.
-Монголд жимс жимсгэнэ өндөр үнэтэй, чихэр, гурилан бүтээгдэхүүн нь хямдхан байна?
-Яг тийм. Үүнийг л эсрэг болгомоор байгаа юм. Төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж байгаа. Байгальд зэрлэгээр ургадаг аньс, нэрс, чацаргана, үхрийн нүд зэрэг үйлдвэрлэлийн боловсруулалтад ороогүй жимс, жимсгэнэ шим тэжээлээр маш баялаг. Анти оксидант буюу бие организмыг хоргүйжүүлэх үйлчилгээ өндөр. Анти оксидант гэдэг нь бие организмд агаарын бохирдол зэрэг гаднын нөлөөгөөр орж ирсэн хорт бодисуудыг исэлдэлтийн эсрэг бодисуудаар хоргүйжүүлж бие организмаас гаргадаг. Монгол оронд нутгийн брэнд зэрлэг жимс, жимсгэнэ хангалттай хэмжээгээр ургадаг. Гэтэл Америк болон Европын орнуудад байгальд ургадаггүй тарьж ургуулдаг. Монголчууд бидэнд эрүүл мэндээ хамгаалах илүү их боломж байна гэсэн үг.
-Манай Улаанбаатар хотод хот төлөвлөлтийн бодлого алдагдсан нь эрүүл амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байна гэвэл Та санал нийлэх үү?
-Мэдээж. Байшингуудыг хэт ойрхон барьснаас тоглоомын талбайгүй, дугуйн замгүй, цонхоор нарны гэрэл орох боломжгүй, ойрхон барьсан зэрэг асуудал түгээмэл байна.
Нойргүйдлийн талаар Та юу хэлэх вэ?
-Нойр ч ялгаагүй эрүүл, тэнцвэржүүлсэн хооллолттой хамааралтай. Энгийн нүүрс усаар баялаг хоосон илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг бол тэр хэмжээгээрээ нойр дутуу, бат бөх унтаж чаддаггүй. Хурхирах, хар дарж зүүдлэх, ойр ойрхон сэрэх энэ бүхэн хооллолттой холбоотой. Өдөржин хоосон явж байгаад орой хэтрүүлж идэх нь нойрны чанарт нөлөөлдөг. Чанаргүй, өнгөц унтахад өглөө ядарч сэрнэ, өдөр нойр хүрнэ, ажилдаа идэвх санаачилга гаргахгүй, ажлын бүтээмж муудна. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг ДЭМБ ч зөвлөмж болгож, дэлхийн бүх улс орнууд нэгдүгээрт авч үзэж байна.
-Та эрүүл амьдралын хэв маягт суралцах, эрүүл хооллолт, чанартай амьдрахад тус болох нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлуудыг хүмүүст хэрэг болох энгийн зөвлөмж хэлбэрээр олон талаас нь хөндөж ярилаа. Стресс бухимдлын талаар Таны өгөх зөвлөмжийг сонсоод энэ ярилцлагаа өндөрлөе?
-Эрүүл зөв хооллодог, дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг хүний стресс бухимдлаа тайлах чадвар өндөр байдгийг судалгаагаар баталсан. Ургамлын хандаар баяжуулсан ногоон цай уудаг хүмүүс хар цай, давстай цай, сүүтэй цай уудаг хүмүүстэй харьцуулахад стресс бухимдлаа тайлах чадвар өндөр гэсэн дүн гарсан. Яагаад гэвэл ногоон цайны найрлагад полифенол гэдэг анти оксидантын түвшин өндөр байсан. Ногоон цай болон ургамлын хандаар баяжуулсан цай уудаг хүмүүст кортизол гэдэг нэртэй стресс бухимдал бий болгодог дааврын түвшин /гормон/ бага байдаг. Бас нэг сонирхолтой судалгааны үр дүнгээс дурдахад ургамлын хандаар баяжуулсан цай уудаг хүмүүст ой санамжаа алдах /Алцгеймер/, мартамхай болох эрсдэл бага байдгийг судалгааны үр дүнгүүд баталсаар байна.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.
12 comments
Сайхан зөвлөгөө байна. Оюун эмчдээ баярлалаа
Хар бараан мэдээлэлүүд дундаас иймэрхүү гэгээлэг хүнд хэрэгтэй мэдээ мэдээлэл тавьж байгаарай updown.mn ee
Маш сайхан ярилцлага болжээ. Эмчдээ сайн сайхан бүхний хүсье.
Би харшилтай. Харшил ер эдгэгддэгүй өвчин юм байгаа юм. Ер харшил өвчинтэй хэрхэн яааж тэмцэх, эрүүл ахуйн дэглэм, хүнс хоолоо яааж тохируулах энэ талаар зөвлөгөө өгөөч
Сайхан шаах юм аа.
Эрүүл мэндээ сайн байлгая урт наслая гэвэл ердөө хөдөлгөөн ш дээ. Социализмын үед тарган хүн ховор байсан даа. Одоо хардаа 30 ч хүрээгүй залуучууд гүзээгээ унжуулаад өдөр 3 махан хоол идээд, хийжүүлсэн ундаа уугаад дандаа бүдүүн бүдүүн залуучууд их болжээ. Ард иргэд эрүүл мэндийн сайхан ярилцлага өгсөн сайтын хамт олонд баярлалаа.
minii bodloor mash bag ideh yostoi odor 5-6 hool baga bagaar idne gej yu bdagiin. odor neg l udaa maxan hool id tegeed boloo
Танай сайт ойрд улс төржөөд байсан Овоо дажгүй ярилцлага оруулсан байна. Оюун эмчдээ ажлын өндөр амжилт хүсье
Монголчууд ер Махаа идээд, айраг цагаагаа уугаад явахад эрүүл амьдарна. Ногоо энэ тэр хэрэгггүй дан хими бордоогоор бордсон эрүүл бус хүнс байгаа..
сайхан зөвлөгөө ярилцлага байна
heregtei medeelel bn
Өндөр боловсролтой л хүн байх юм. тэгээд юун сүлжээний бизнесийн зөвлөх энэ тэр болоод явчив даа. Herbalife , WHO-д 2ланд нь зөвлөх хийдэг бол энэ манай Монголд л байж болох гаж үзэгдэл байх даа. Алдар нэрийг нь ашиглаад сэтгүүлч нь Herbalife – аа сурталчилж байгаа байх түүнээс анагаахын доктор хүн тэгж анагаахынхаа эсрэг үйлдэл хийдэггүй байлгүй дээ. Энэ сүлжээний бизнесийнхний хийсэн балгийг нь сүүлийн хэдэн жил манай мэс заслын болон хавдрын эмч нар толгойгоороо хариуцаад үхлийн тоог нэмээд байгаа биз дээ. Зөв хоололтыг дэмжих нь зөв Herbalife -ийг сурталчлах бол буруу шүү.