Өнгөрсөн онд Умард ба Өмнөд Солонгосын хилээр оргож ирсэн цэргийн тухай мэдээ дэлхийн хэвлэлүүдийн нүүрийг эзэлж байсан билээ. О Чон Сон хэмээх 25 настай цэрэг тухайн үед зэвсэггүй бүсийн (DMZ) Панмунжом тосгонд Умард Солонгосын харуулын цэргүүдийн бууны суман дор оргож ирсэн юм.
Хоёр талын хилийн цэргүүд нүүр, нүүрээ харан зогсдог хилийн энэ хэсгээр Умардаас дүрвэгч ирэх нь маш ховор. Тэгвэл энэхүү дуулиант орголтын эзэн цэрэг Японы Санкэй Шимбун сонинд ярилцлага өгсөн нь хэвлэлд хандсан анхны тохиолдол байв. Оргосон цэрэг өөрийгөө Умард Солонгосын армийн генералын хүүхэд гэдгийг энэ үеэр дэлгэжээ. Хэдийгээр нийгмийн “дээд анги”-иас гаралтай боловч тэр улсынхаа удирдагчид үнэнч биш, шинэ үеийн залуус түүнтэй адил үзэл бодолтой болохыг ярьсан байна.
“Миний үеийн залуусын 80 хувь нь үзэл суртлыг үл тоодог, удирдагчдаа үнэнч биш хандлагатай байх” гэж О Чон Сон ярьжээ. Гэхдээ Өмнөдийн зарим хэвлэлд мэдээлж байсан шиг Умардын тал түүний амийг хорлох оролдлого хийгээгүй гэдгийг баталсан байна. Сүүлийн жил орчим хугацаанд АНУ-Умард Солонгосын харилцаанд эерэг өөрчлөлтүүд гараад байгаа. Харин түүнийг оргох үед хоёр улсын хооронд дайн дэгдэхэд маш ойрхон болсон мэт сэтгэгдэл төрж байжээ.
Хамт алба хааж байсан цэргүүдтэйгээ маргалдсаны дараа архи уусан О машин жолоодож яваад нэг мэдэхэд харуулын постыг өнгөрсөн байсан гэнэ. Буцвал цаазлуулах нь ойлгомжтой болсон тул тэр цааш явсаар хил давсан байна. Оргох үед араас нь буудсан цэргүүдийн тухай ярихдаа О Чон Сон “Хэрвээ тэд намайг буудаагүй бол хатуу шийтгэл амсах байсан.
Тиймээс тэдний оронд би байсан бол бас л буудах байсан” хэмээн зөвтгөж ярьсан байна. Санкэй Шимбун сонин хар хүрэм, цагаан цамцтай, нүүрийг нь нуусан оргодол цэргийн богино хэмжээний видео дүрсийг вэб сайтдаа үзүүлжээ. Тэрээр Умардын аялгатай солонгос хэлээр ярьж байгаа нь уг дүрсэнд бичигдсэн байна.
Эх сурвалж: AFP