Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар 2017 онд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан бөгөөд тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Уг төслийн хүрээнд БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг 11 дүгээр сарын 19-ний Даваа гарагт 14:00-17:00 цагт нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д зохион байгуулах юм байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Засгийн газрын агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран нийслэлийн залуучуудын мэдээллийн технологийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэх, ингэснээр ажлын байр бий болгох, аутсорсинг компанийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь бидний зорилго билээ.
Мэдээллийн технологийн сургалтын төвд компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон “фотошоп”, “excel” программын ахисан түвшний нарийн мэргэжлийн 7 төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулдаг.
2018 оны 11 дүгээр сарын байдлаар компьютерийн үндсэн хэрэглээний ангид 1,106, нарийн мэргэжлийн ангид 582 нийт 1,688 иргэн амжилттай суралцлаа. Мөн мэдээллийн технологийн чиглэлээр бэлтгэгдэн, амжилттай төгссөн 150 гаруй залуучууд БНСУ-аас аутсорсингийн захиалгат ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.
Энэ сарын 19-ний өдөр мэдээллийн технологийн салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д зохион байгуулах бөгөөд 30 залуучуудын сонгон шалгаруулалтыг “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төв, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран зохион байгуулах болно.
КОЙКА-гийн (KOICA) хамтын ажиллагааны хөтөлбөр болох Монгол Улсад мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бизнес инкубатор төвийн төслийн хүрээнд манай төвийн нарийн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн залуучууд Бизнес инкубатор төвд элсэж, сард 440 мянган төгрөгийн тэтгэлэг аван дадлагжих болон өөрсдийн бизнесийн санаагаа хөгжүүлдэг.
Бид зөвхөн төгсөгчдөдөө биш бусад хүмүүст боломж олгож, 10 дугаар сараас эхлэн мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэх шинэ анги нээсэн. Энэ ангид мэдээллийн технологийн суурь мэдлэгтэй 16-аас дээш насныхан, алгоритмийн үндэс, объект хандалтын суурь мэдлэгтэй залуучууд, мөн “Эм кэй Ай ти” (MKIT) сургалтын төвийн мэргэжлийн ангийг төгсөгчид, ажил хайж байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хамрагдах боломж олгосон. Сургалтыг төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд сар бүр хоол, унааны зардал болох 220,000 төгрөгийн тэтгэлэг олгож байна. Одоогоор 20 хүн сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж, байна. Эдгээр залуучуудыг сургалтаа амжилттай дүүргэсний дараа 100 хувь ажлын байраар хангах юм.
Бид мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг Солонгосын 30 гаруй компанитай байнга хамтран ажилладаг. Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах сонирхол, мэдлэг чадвартай 400 программистуудтай хамтран аутсорсинг төслүүд гүйцэтгүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг:
21-р зуунд нийгмийн хөгжилд хамгийн чухал үүрэг бүхий салбар бол мэдээллийн технологийн салбар юм. Иргэд олон байгууллагын хаалга сахиж төрөл бүрийн лавлагаа, тодорхойлолт авах гэж дугаарлахгүйгээр гэрээсээ, ажлын байран дээрээсээ онлайнаар төрийн үйлчилгээ авдаг боллоо. Нийслэлийн цахим үйлчилгээний порталыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлж, төрийн үйлчилгээнд шинэчлэл хийн ажиллаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналт, удирдлагын UB ERP мэдээллийн цогц системийг нэвтрүүлж нийслэлийн харьяа 1100 гаруй байгууллагуудын 14 мянган албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулах, хамтран ашиглах орчин үеийн шинэ технологи бүхий системтэй боллоо.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас энэ жил хороодоос үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний чиглэлээр иргэдэд чиглэсэн ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал,
- 100 мянга гаруй эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг байдлыг халж, цахим бүртгэлд шилжүүлсэн,
- Нийслэл хотод тээврийн хэрэгсэл эзэмшигч 450 мянган иргэдийн 200 мянга гаруй иргэн татвараа төлөхөд 3 минут зарцуулдаг болсон,
- Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, сонгон шалгаруулалтын мэдээллийг орон зайн дундын мэдээллийн санд суурилсан мэдээллийн сангаас авах, хяналт тавих боломжтой болсон зэрэг мэдээллийн технологийг ашиглан хотын хөгжил дэвшилд ахиц гарсаар байна.
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар болон “Эм Кэй Ай Ти” (МКIТ) сургалтын төвтэй хамтран цаашид мэдээллийн технологийн салбарт ажиллах хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллах болно.
“Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр:
Солонгос-Монголын Мэдээллийн технологийн аутсорсингийн төсөл 2017 онд эхэлсэн бөгөөд одоогоор “Эм Кэй Ай Ти” /МКIT/ сургалтын төвийг төгсөгчид маань 70 гаруй төсөл хэрэгжүүлээд байна.
Манай сургалтын төв нь мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж, тэднийг БНСУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, аутсорсингийн төслийн ажлуудыг гүйцэтгэх боломжоор ханган ажиллахыг зорьдог.
Манай залуучуудаар аутсорсингийн ажил гүйцэтгүүлэх сонирхолтой Солонгосын аж ахуйн нэгжүүд жил ирэх тутам нэмэгдэж байгаа.
Бид энэ удаагийн өдөрлөгт 30 орчим, 2019 онд 150 орчим веб хөгжүүлэгч, программистын нээлттэй ажлын байр зарлан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Мэдээллийн технологийн аутсорсингийн салбар цаашид Монгол Улсын хөгжлийн шинэ гарц болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд нийслэлээс энэхүү салбарт ач холбогдол өгч байгаад баяртай байна.
Энэ удаагийн үзэсгэлэн яармаг мэдээллийн технологийн чиглэлээр аутсорсинг ажил гүйцэтгэх чадвартай залуучуудад нээлттэй бөгөөд заавал их, дээд сургууль төгссөн байх шаардлага тавихгүй. гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.