Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АНЭУ-д Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг зөвшилцөв.
Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Одоогоор хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10-аад гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байгаа аж.
АНЭУ 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар үйл ажиллагаа явуулдаг юм байна.
АНЭУ-д манай улсын 40 гаруй иргэн байнга оршин суудаг, сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэх болжээ. Иймээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, түүнчлэн манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах үүднээс Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.
Элчин сайдын яам нь эхний ээлжинд гурван орон тоотой байхаар төлөвлөсөн. Орон байрны түрээс, унаа гээд бусад тодорхой зардлууд гарна. Зарим гол зардлыг гурван жилийн хугацаанд Эмиратын талаас хариуцахаа мэдэгдээд байгаа. Яваандаа зардал мөнгийг төсөвт тусгах шаардлагатай болох юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Яамны боловсон хүчний хэлний бэлтгэлийн асуудлаар Батлан хамгаалах яамтай хамтрах боломж байгаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар: Гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах ёстой, тэр дундаа шинээр байгуулагдах Элчин сайдын яам нь Арабын орнуудаас хөрөнгө оруулалт татах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үр дүнтэй ажиллах шаардлагатай.<Элчин сайдуудын яамдуудын эдийн засгийн үр өгөөжийн тайлан мэдээллийг ГХЯ-наас он гараад УИХ-д танилцуулж, тайлагнах хэрэгтэй. Төлөөлөгчийн газрууд, элчин сайдын яамдууд болгон дээр төрийн төсөв хөрөнгө зарцуулагдаж байдаг. Гэхдээ эргээд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх ёстой.
Ингээд АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.