ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар П.Сэргэлэнг шалгуулна

2018-11-06 13:31
sergelen

 Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-аас зээл олгоход хамаарал бүхий албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өгсөн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байна. Ингэхдээ 2017 оны зургадугаар сарын 14-нд ХХААХҮ-ийн сайдын А 76-р тушаалаар батлагдсан ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах журмыг өөрчлөх шаардлагатайг уламжилжээ.

2016 оны арваннэгдүгээр сард ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах түр журам баталсан байна. Уг журмыг 2017 оны зургадугаар сарын 14-нд ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн журмыг өөрчилж баталсан аж. Энэхүү журмыг өөрчилснөөс болж, өнөөдрийн их маргаан, Монгол Улсыг донсолгож байгаа үйлдлүүдийн эхлэл тавигдсан гэж тус холбоо үзэж байгаа юм байна.

Тийм учраас ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг шалгуулахаар өгчээ. Мөн ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах хороо нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Эдгээр гишүүний гурав нь ХХААХҮЯ-аас, гурав нь ЖДҮХС-аас үлдсэн нэг нь төрийн бус байгууллагаас оролцсон гишүүд юм. Эдгээр гишүүд 134 ААН-ээс 122 УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдэд зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж, мөн АТГ-т шалгуулахаар өгсөн хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: Itoim.mn