Ардчилсан намын бүлэг ажил хаялт зарласан ч цаг үеийн асуудлаар хуралдлаа. Өнгөрсөн долоо хоногт 2019 оны улсын төсвийг парламент сөрөг хүчингүйгээр баталсан. Мөн ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудал болон АСЕМ-ын зардалтай холбоотойгоор улс төрийн хүрээнд багагүй дуулиан дэгдээд буй.
Тэгвэл Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Бидний тавьсан шаардлагаас ахицтай зүйл гарсангүй. Тийм учраас бид ирэх долоо хоногоос дараагийнхаа тэмцэл рүү орох зайлшгүй шаардлагатай болж байна гэдгээ ярилцлаа.
Нэг. ЖДҮХС-гийн мөнгийг Засгийн газар, сайд нар, УИХ-ын гишүүд зохион байгуулалттайгаар авсан гэдэг нь сүүлийн үед гарч байгаа нотлох баримтуудаар ойлгомжтой болсон. Тэдгээр хүмүүст зайлшгүй хариуцлага тооцох ёстой гэдэг АН-ын бүлгийн шаардлага хэвээрээ байгаа.
Хоёр. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед 2019 оны төсвийг баталсан. Энэ төсөв батлагдахдаа УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүй батлагдсан. Зарим байхгүй гишүүдийн кнопыг дарсан. 2019 оны төсвийн талаар АН байр сууриа илэрхийлсэн. Одоо бид дараагийн уриалгаа гаргаж байгаа. Ерөнхийлөгчийг энэ 2019 оны төсөвт хориг тавиач ээ гэдэг уриалгыг гаргаж байна. Энэ төсвийг бид дэмжих боломж байхгүй. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид энэ хоригийг дэмжинэ.
Гурав. Нийтлэг хэрэгцээний шатахууны үнийн өсөлттэй холбоотой ард түмний байр суурьтай АН нэгдмэл байгаа. Хэрэв бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол бид дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно. Гэхдээ тэмцлийн хэлбэрийг өнөөдөр ярихад эрт байгаа. Бид тухайн үед нь тэмцлийн хэлбэрээ өөрсдөө сонгоод явна.
АН-ын бүлэг дээрх гурван асуудлын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бөгөөд мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Ерөнхийдөө тус бүлгийн байр суурь бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэдгийг тэд энэ үеэр хэлж байлаа. Мөн ирэх долоо хоногоос АН-ын бүлэг нэг нэг гишүүнээ төлөөлөл болгож зөвхөн байнгын хороодын болон УИХ-ын чуулганы хуралдаануудад хяналт тавих үүрэгтэйгээр оролцуулахаар төлөвлөжээ.
Тус бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг чухалчилж үзэхгүйгээр ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудал болон шатахуун, валютын ханшийн асуудлыг авч хэлэлцжээ. Учир нь энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт амралтын өдөр тохиох тул УИХ-ын чуулган хуралдахгүй юм.