Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдөр хянан хэлэлцлээ.
Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нар Солонго рестораны нээлтийн ажиллагааны үеэр хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрсан явдал болсон гэдэг. Уг хэргээр Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 11.4.1 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Б.Амархүүгийн менежер Б.Гандаваад Эрүүгийн хуулийн 11.6.1 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.
Урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлолоо.
Эрүүгийн хуулийн 11.4.1-д Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Харин Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ.
1 comment
Энэ нэг мангар сагсуу залуу оросоос ирж баыр түрээсэлж амьдарч бхдаа бас агсан согтуу тавьж айл хөршүүдээ зовоодог бсн гэ биздэ. Оросуудын балмад танхай архичинг нь дуурайждэ харамсалтай тэнэг!!!!