Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хуралд Ерөнхий сайд асан М.Энхсайхан оролцож байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр “Дубайн гэрээ”-тэй холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
–Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн танхимд та сайдаар ажиллаж байсан. “Дубайн гэрээ”-г хуулийн байгууллага шалгаж байна. Энэ гэрээ муу болсон юм уу?
-“Дубайн гэрээ” гэж байхгүй. Нэр томьёо, ухагдахуунаа зөв болгох хэрэгтэй. Энэ талаар би өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Ер нь бол том төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд авсан зээлээ урьдчилж төлнө. Компаниар жишээ татахад хэрэглэсэн тог, усныхаа төлбөрийг төлөхөөс эхлээд ажилтнуудын цалинг өгдөг. Цаана нь мөнгө үлдвэл авсан зээлийнхээ төлбөрийг төлдөг. Үүнийг санхүүгийн хүрхрээ гэж нэрлээд байна. Ингэж нэрлэж байгаагийн учир нь нэн түрүүнд төлөх төлбөр, дараа нь төлөх төлбөр гэх мэтээр эрэмбэлж явсаар хамгийн сүүлд мөнгө үлдэж байвал их сайн. Үүнтэй адил аливаа том төслөөс хүртэх ашгийг хамгийн сүүлд ярьдаг.
–Дубайд очиж гэрээгээ шинэчлэх шийдвэрийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ганцаараа шийдсэн юм уу?
-Засгийн газрын хуралдаанаар шийдсэн.
–Танай Засгийн газрын үед хийсэн гэрээг одоо шалгаж байна. Энэ гэрээ өмнөхөөсөө ч муу нөхцөлөөр зурагдсан юм уу?
-Гэрээний нөхцөлийг хохироосон, хожсон эсэхийг эдийн засагчид өөрсдийн байр сууринаас тайлбарладаг. Янз бүрийн өнцгөөр тайлбарлаж болно. Эцсийн дүндээ зөв, бурууг олохыг хүсвэл та бүхэн өөрсдөө ч судалж болно.
–Энэ гэрээ монголчуудад ямар ашигтай юм бэ?
-“Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шат буюу Далд уурхайн төслийг одоо хэрэгжүүлж эхэлж байна. Далд уурхайн төсөл яагаад бидэнд хэрэгтэй вэ гэхээр ил уурхайгаас илүү далд уурхай нь чанарлаг байдаг. Өөрөөр хэлбэл алтны агууламж ихтэй, зэсийн агууламж ихтэй байдаг. Агууламж ихтэй ордыг зардал багатайгаар илүү их бүтээгдэхүүн олборлох боломжтой болж байгаа юм. Ингэснээр төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нэмэгдэнэ. Дээр нь далд уурхайд оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж Монголын туслан гүйцэтгэгч компаниудад ашигтай тусна.
–Энэ гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар таныг дуудаж мэдүүлэг авсан уу?
-Асууж тодруулж байгаа зүйл олон бий. Хуулийнхан шалгах ёстой бол шалгах л ёстой. Авлигатай тэмцэх газраас Оюутолгой болон бусад асуудлаар надаас асуусан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин