Хоёр зууныг дамнан амьдарч байгаа хүмүүс бид XX зуунд атомын цахилгаан станцыг үзэж XXI зуунд атомын нисэх онгоцоор зорчих тийм ч хол санагдахгүй боллоо. Учир нь цөмийн хөдөлгүүрт нисэх онгоцыг бүтээх нууц туршилт аль хэдийнэ эхэлчихсэн гэдгийг америк, европын нэг бус хэвлэлд бичих боллоо. Сошиал орчинд ч энэ талаар жиргэдэг, постолдог хүн цөөнгүй байгаа юм.
Оскар Виналс цөмийн эрдэмтэн, инженер, нисгэгч, бас сансар судлаач аль нь ч биш. Бүр нарийн ярьвал түүнийг яг зохион бүтээгч гэж хэлэхэд ч хэцүү. Гэхдээ яахав тэр бол сонирхогч. Өөрийгөө дизайнер гээд аль хэзээний нэрлэчихсэн. Юуг сонирхдог вэ гэж үү.
Нисэх онгоц, цаашлаад сансарын нисэх онгоц зохион бүтээдэг биш, харин зохион бүтээхийг оролдож, сонирхдог жирийн л нэгэн испани залуу. Барселонд амьдардаг Оскар нэлээн эртнээс нисэх онгоцны загвар зохиох дуртай болжээ. Түүний ээлжит мөрөөдөл нь шинжлэх ухааны зөгнөлт кинонд гардаг шиг атомын хөдөлгүүрт нисэх онгоц. Оскарын зохион бүтээсэн модель нь энэ. Хэдийгээр дэврүүн мөрөөдөмтгий залуугийн энэхүү санаачилгыг зарим хүмүүс хоосон үлгэр хэмээн егөөдөж байгаа ч CNN-ийн Испани дахь сурвалжлагч Мигуэль Рос харин “Энэ бол хоосон мөрөөдөл биш. Хэдхэн жилийн дараа биеллээ олох магадлалтай лут том ажлын эхлэл” хэмээн бичжээ.
Учир нь цөмийн хөдөлгүүрээр ажилладаг иргэний болон байлдааны нисэх онгоц, мөн сансарын хөлөг зэргийг бүтээх бүрэн боломжтой талаар эрдэмтэд, инженерүүд эртнээс ярьсаар ирсэн. Өнөөгийн шинжлэх ухаан, технологи ийм түвшинд аль хэдийнэ хүрсэн талаар ч гадаадын зарим хэвлэлд мэр сэр бичих боллоо. Мигуэль Росын үзэж байгаагаар Америк, Орос зэрэг технологи өндөр түвшинд хүрсэн зарим орны цэрэг-аж үйлдвэрийнхэн цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц, цаашлаад сансарын хөлөг бүтээх төслийг аль хэзээний маш нууц нөхцөл байдалд хэрэгжүүлээд эхэлчихсэн байхыг ч үгүйсгэхгүй гэнэ.
Харин атомын эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц, сансарын хөлгийг иргэний зориулалтаар ил тодоор олны нүдэн дээр бүтээхийн тулд технологийн компаниуд хэд хэдэн шат дамжлага бүхий нэлээд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болох юм. Жишээ нь түлшний сав нь ямар байх уу, яаж аюулгүй цэнэглэх үү, байлдааны онгоц бол даалгавар гүйцэтгэж яваад агаарт дэлбэрвэл юу болох вэ гэх мэт.
Оскар Виналсын зохион бүтээсэн модельтой холбогдуулан хэрэгт дуртай сэтгүүлч нар Америкийн сансар судлалын агентлаг буюу НАСА-аас ийм төрлийн онгоц, сансарын хөлөг зохион бүтээх ямар нэгэн төлөвлөгөөтэй эсэхийг нь тодруулахыг оролджээ. Гэвч НАСА цөмийн эрчим хүчээр ажилладаг онгоцны талаар ямар нэгэн үг одоогоор дуугараагүй байна.
Эх сурвалж: CNN, Blogspot.com