Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан эдийн засагч Ш.Алтанцэцэгтэй Монгол Улсын болоод бүс нутгийн эдийн засгийн ойрын ирээдүйн төлвийг ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлснийг хаана хаанаа хүлээн зөвшөөрч буй. Гэхдээ түүний үр нөлөө энгийн иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл ч байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.9, ирэх 2019 онд 6.6 хувийн өсөлт үзүүлэх болов уу гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ оны эхний хагас жилд 6.3 хувиар өслөө. Харин сүүлийн хагас жилд ингэж өндөр өсөхгүй байх гэж таамагласан. Монгол Улсын уул уурхайн экспортын орлого ихээр нэмэгдсэн. Түүнээс үүдээд үйлчилгээний олон салбарт нааштай үзүүлэлт ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт жигдэрч, хүрээгээ тэлснээр иргэдийн амьжиргаанд тодорхой нөлөө үзүүлнэ гэсэн үг. Өрхийн бизнес идэвхижиж байгааг дагаад өрхийн зээл нэмэгдэж, бодит орлого өссөн харагдаж байна.
-Валютын ханшийн өсөлтөд хэрэглэгчид санаа зовниж байна. Төгрөгийн ханшийг барих талаар Монголбанкийг тодорхой арга хэмжээ авахгүй байна гэсэн шүүмжлэл ч гарч байна?
-Төгрөгийн доллартай харьцах ханшийг харж ханш суларлаа, ханшаа алдлаа гэж зарим нь шүүмжилж байна. Тийм биш гэж хэлье. Энэ оны эхнээс ОУ-ын зах зээлийн нөхцөл байдлаас ам долларын ханш олон мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарч эхэлсэн. Тухайлбал МУ-тай төстэй уул уурхайн бүтээгдэхүүнээс орлогоо бүрдүүлдэг улсуудын, тухайлбал Чили, Орос, Аргентин улсын мөнгөн тэмдэгтүүд үргэлжлэн суларсаар байна. Аргентин улсын мөнгөн тэмдэгт 100 гаруй хувь, Орост рубль 15 хувиар, Хятадад юань мөн долларын эсрэг 6 хувиар тус тус сулраад байна. Тэдэнтэй харьцуулахад төгрөгийн 09 сарын 17-ны 2500 төгрөг хүрсэн ханшийг энэ оны эхэнтэй харьцуулахад 3.5 хувь, харин өнгөрсөн 6 сарын эцэстэй харьцуулахад 1.9 хувиар суларсан байна. Бидэнд долларын ханш хурдтай чангараад байгаа юм шиг санагдавч ч дэлхийн бусад улсуудтай харьцуулахад дотооддоо удирдаж, хяналтдаа авч болохуйц хэмжээнд байгааг хэлье. Хүмүүс төгрөгийн ханшийг хамгаалах талаар Төв банк юу ч хийхгүй байна гэж шүүмжилж байгаа. Юуны тулд Төв банк байдаг вэ гэхээр дунд, урт хугацаандаа ханш инфляцыг тогтвортой байлгахын төлөө бодлого хэрэгжүүлдэг бодлогын институц. Тэрнээс биш өнөөдөр төгрөгийн ханш уналаа гээд улс даяараа хурааж хуримтлуулсан 3 тэрбум доллараа цацаад байвал юу үлдэх билээ. Бид энэ нөөцийг хэрхэн бүсээ чангалж, зардлаа хумиж, төсвийн хатуу бодлого барьж байж хурааж хуримтлуулсан билээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд сайн байсан учраас төсвийн орлого өндөр байна. Үүний ачаар төсвийн алдагдлаа бууруулж чадлаа гээд өдөр болгон интервенц хийгээд нөөцөө зараад байх нь зөв үү.
Төв банк шууд утгаар нь интервенц хийж нөөцөөсөө зараагүй ч макро зохистой бодлогыг маш эрчимтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн гэж бид харж байна. Мөнгөний бодлогын зөвлөл сүүлийн хоёр удаагийн хурлаараа долларын орлогогүй хэрнэ доллараар зээл авч байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийг ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд энэ төрлийн зээлийг хумих арга хэмжээ авлаа. Хэрэглээний зээл олгох хамгийн урт хугацааг 30 сар болгож богиносголоо. Эдгээр арга хэмжээг 2019 оны нэг сарын нэгнээс хэрэгжүүлнэ. Хэрвээ долларын ханш төгрөгийн эсрэг байж болохуйц хэмжээнээс хэтэрч чангарсан тохиолдолд Мөнгөний бодлогын зөвлөлийг яаралтай хуралдуулж, тодорхой арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мөн Төв банк зарласан.
-Эдийн засаг өсч байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, төр хэд хэдэн зүйл дээр анхаарахыг Дэлхийн банк зөвлөсөн. Тухайлбал, мөнгө угаахын эсрэг олон улсын үүрэг даалгаврыг авч хэрэгжүүлэхэд анхаарах, ядуу эмзэг иргэдээ хамгаалахыг онцлон зөвлөлөө. Энэ чиглэлээр ахиц гараагүй гэж үзсэн хэрэг үү?
-Олон улсын татварын байгууллага, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ОУ-ын байгууллагын зүгээс МУ энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас саарал жагсаалтад оруулахыг анхааруулж байсан. Үүнийг засахын тулд МУ-н Засгийн газар, Төв банкнаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна гэж бид үзэж байгаа. Тиймээс хэд хоногийн өмнө Европийн ОУ-ын татварын байгууллага МУ-ын ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахыг хойшлуулж, үр дүнг нь харахаар болсон. Хэрвээ бид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээгээ идэвхжүүлэхгүй бол эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулагч татах ажил ямар ч үр дүнгүй болно.
Мөн Дэлхийн банк ядуу эмзэг бүлгийн нийгмийн халамжид анхаарахыг энэ удаагийн тайландаа онцолсон учир нь ханшийн савалгаа үүсэх, инфляц өсөх зэрэг үед хамгийн түрүүн ядуу эмзэг бүлэг, доогуур орлоготой хүмүүс өртдөг. Тийм учраас ганц Монгол биш бусад улс орнуудад санхүү, мөнгөний бодлогоо авч хэрэгжүүлэхдээ ядуу эмзэг бүлгийнхэнд тусах үр нөлөөг бага байлгах, тэднийг эрсдэл үү орохоос сэргийлэх бодлогыг давхар авч явах хэрэгтэйг зөвлөж байна. 2017 оны албан ёсны тайланд МУ-ын нийт хүн амын 29 хувь ядуу эмзэг байсан. Тийм учраас Дэлхийн банк ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд төсвийн зээл олгохдоо эмзэг бүлэг, доогуур орлоготой иргэд рүү чиглэсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг өмнөх онуудаас бууруулахгүй байх нөхцлийг Засгийн газарт тавьсан.
Мөн Дэлхийн банк өрийг бууруулах бодлогоо үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөлөө. Гэтэл нөгөө талд өрийг өрөөр дарсан хэвээр байхад эерэг үзүүлэлт гарахгүй гэж үзэх нь ч бий.
Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ОУ-ын байгууллагуудтай хамтраад хатуу чанга бодлого явуулж байгаагийн хамгийн гол зорилго нь МУ-ын дархлааг сайжруулах явдал. Өөрөөр хэлбэл ахиухан нөөцтэй, өр багатай байх гэсэн үг. МУ-ын өр 2016 оны эцэст ДНБ-ний 87 хувьтай тэнцэж байлаа. Түүнээс хойш төсөв мөнгө, санхүүгийн хатуу бодлого авч хэрэгжүүлсний дүнд 2017 онд 84 хувьтай тэнцсэн. Энэ онд 74 хувь болж буурах төлөвтэй байна. Тиймээс ирэх 2019 онд ДНБ-тэй харьцах өрийн хэмжээг 71 хувь руу оруулж буулгах зорилт тавьж байгаа юм билээ. Дэлхийн банк үүнийг заавал тавигдах ёстой шаардлага гэж үзэж байна. Төсвийн байдал бидний тооцоолсноос илүү сайжирч байна. Тиймээс өмнө нь 2012, 2013 онд авсан, өндөр өртөгтэй, арилжааны нөхцөлтэй зээлүүдийг төлж байна. Аль болох өртөг багатай зээлээр дарж байна гэсэн үг. Хэдийгээр зээлийг зээлээр дарж байгаа ч асар өндөр ялгаатай. Жилийн 9 хүртэл хувийн хүүтэй, хэдхэн жилд төлөх зээлүүдийг 30-40 жилийн, жилийн 0.75-1 хувийн хүүтэй зээлээр төлж байгаа нь асар их ялгаатай. Ийм ч учраас Монголд өрийн дарамт нэлээн сайн буурч байгаа гэж үзээд энэ бодлогоосоо ухарч няцахгүй, сонгууль дөхсөн ч өмнөх амлалтаасаа буцахгүй тууштай хэрэгжүүлэх байх аа гэж Дэлхийн банк найдаж байна.
-2019 оны Монгол Улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Эдийн засаг сэргэж байгаа энэ үед цалин хөлс, хөрөнгө оруулалтыг нэмэх санал, шахалт хаа хаанааас гарч болзошгүй. Ялангуяа цалин тэтгэврийг чамгүй хувиар нэмэх байх гэсэн хүлээлт олны дунд бий. Ийм боломж хэр гэж харж байна вэ?
-Засгийн газар ирэх онд байгаа хэр хэмжээндээ тааруулж цалинг аль болох нэмэх чиглэл барьж байгаа юм билээ. Тодорхой төсөв суулгасан байсан. Нөгөө талд бид өнгөрсөн жилүүдэд ийм их хүчин чармайлт гаргачхаад эргээд үр дүнгээ салхинд хийсгэмээргүй байна. Цалин нэмлээ л бол инфляц өснө. Ямар ч үр дүнгүй гэсэн үг. Тиймээс өнөөдрийнхөө төсвийн нөхцөл байдалд тохируулж цалин орлогыг өсгөх хэрэгтэй гэж зөвлөж байна.
Гадаад орчин улам бүр тодорхой бус болж байгааг Дэлхийн банк энэ удаагийнхаа тайланд анхааруулж мэдээлсэн. Зарим мэдээллээс харахад түүхий эдийн үнэ саарч, МУ бас л хүндхэн нөхцөл байдалтай тулж магадгүй нь гэж харагдаж байна.
АНУ-ын зүгээс мөнгөний бодлогоо хатууруулж байна. Долларын ханш үргэлжлэн чангарч, дэлхийн бүх оронд энэ нь нөлөөлнө гэсэн үг. Дэлхийн маш олон орнуудын дотоодын мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг чангараад эхэлсэн. Дараагийн нэг эрсдэл нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэх хандлагатай боллоо. Энэ нөхцөлд түүхий эдийн үнэ унаж болзошгүй. Зэс, нүүрсний үнэнд нөлөөлнө гэсэн үг. Мөн Хятад улсын эдийн засаг үргэлжлэн суларна. Хятадын эдийн засгийн өсөлт 4-5 жилийн өмнө 11, 12 хувьтай байсан болөнөөдөр 6-6.5 хувьд хэлбэлзэж байна. Энэ онд 6.5 хувь, ирэх онд 6.2 хувьтай байх болов уу гэсэн эхний таамаг гарсан. Ирэх онд худалдааны болон тарифын шалтгаантай зөрчилдөөн, хоригийн нөлөө Хятад улсын эдийн засагт яаж тусахыг тооцоолсны үндсэн дээр бодит дүр зураг гарч ирнэ.
-ОУВС-ын хөтөлбөрийг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж байна гэж Дэлхийн банк үзэж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохирсон макро хөтөлбөрөө маш сайн хэрэгжүүлж байгаа. 2017 онд гадаад зах зээл сайн байсан, түүхий эдийн үнэ ханш сэргэсний ачаар зарим үзүүлэлтээ давуулан биелүүлсэн. Тавьсан шаардлагаас илүү өндөр орлого олсон. ОУ-ын байгууллагууд ч МУ сайн биелүүлж байгаа гэж дүгнэж буй. Гол нь ОУВС-ийн хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ. Энэ хугацааг дуустал амлалтдаа хүрч төсөв, мөнгөний бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал байна. Учир нь УИХ-ын сонгууль дөхөх үед төсвийн зардлыг нэмдэг, үргүй зардлаа өсгөдөг. Болсон болоогүй нэг удаагийн амлалт өгч, түүнийгээ төсвөөс санхүүжүүлдэг. Шалтаг, шалтгаангүй цалин тэтгэвэр нэмдэг, нэмэх амлалт өгдөг гээд асуудлууд бий. Ийм алдааг битгий давтайсай. Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн чанга бодлогоо тэр хэлбэрээр нь үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.
-Та Дэлхийн банкны монголыг хариуцсан эдийн засагчаар 2000 оноос хойш ажиллаж байна. Туршлагаасаа харсан ч таны хэлсэн шиг төсвийн чанга бодлого сонгуулийн жилүүдэд хэрэгжихэд хүндхэн болов уу?
-Би 2000 оноос эхлээд бүхий л сонгуулийг үзлээ. Бүхий л ЗГ, Төв банк, Сангийн яамтай ажиллалаа. Бидний ажиглахгүй байгаа нэг зүйл бол Монголын ард түмэн маш их юм үзэж нүд тайлсан. 2000 онтой харьцуулахын аргагүй болсон. Гадаад дотоод ертөнцөд юу болж байна, бид хаана нь байна гээд монголчуудын үзэл бодол сууриараа өөрчлөгдсөн. Тиймээс 2020 оны сонгуулийн өмнө өмнөх жилүүдийнх шиг байдлууд давтагдахгүй байх аа гэж найдаж байна. Улс төрийн төвшинд тодорхой хандлага гарч болзошгүй ч түүнээс урьдчилан сэргийлэх маш хүчтэй шүүмжлэл доороосоо, олон нийтээс гарч байгааг анхаарч үзэхгүй байхын аргагүй. Тиймээс 2020 онд утга учиргүй амлалтууд гарахгүй байх. Төсвийг хий хоосон зарахгүй байх гэж найдаж байна.
Нийтэлсэн: Д.Даваадулам
1 comment
2020 онд УИХ-д нэр дэвшвэл яасийм хүүхээ…