Дэлхийн банкны зүгээс ээлжит тайлангаа танилцуулаад байна. Энэ удаагийн тайлангийн гол агуулга нь гадаад орчин улам бүр тодорхой бус болж байгаа хэдий ч Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засаг өсөлт хадгалагдана гэсэн. Энэ бүс нутаг дахь хамааралтай зүйл заалт нь юу байна, мөн анхаарах ёстой асуудлууд байна уу?
-Дэлхийн банкнаас жилд хоёр удаа Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн тоймыг гаргадаг. Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн энэ орчинд үүнийг хэрхэн амжилттай даван туулах вэ гэсэн гарчигтай, энэ хүрээнд бичигддэг. Тайлангаас өгч байгаа гол мессеж гэвэл нэгдүгээрт, гадаад орчны тодорхой бус байдлын нөлөө эрсдэлүүд нэмэгдэж байна. Ялангуяа худалдааны асуудлууд эрчимжиж байна. АНУ-ын Төв банк өмнө нь хүлээж байснаас илүү хурдтай мөнгөний бодлогоо чангаруулах ийм алхамууд хийгдэж байна. Хоёдугаарт, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг нэлээд эрчтэй чангарч эхэллээ. Мөн түүхий эдийн зах зээл дээр худалдааны асуудал нөлөөлж өөрчлөлт орж байна. Нэн ялангуяа, манайх шиг экспорт нь цөөн тооны түүхий эдээс хамаардаг эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний сөрөг нөлөө орж ирэх эрсдэл үүсээд байна. Та бүхний мэдэж байгаагаар зэсийн үнэ нэлээд буурсан. Дээрээс нь нүүрсний үнэ төдийлөн сайнгүй, өсөхөөргүй төлөв ажиглагдаж байна.
Ийм эрсдэлүүд байгаа ч гэсэн бүс нутгийн хувьд аваад үзэхэд өсөлт харьцангуй дархлаа сайтай, өсөлтөө 2-3 жил хадгалаад явчих боломж байна гэсэн үндсэн дүгнэлт гарсан. Хятад улсыг хасаад үзвэл Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ онд 5.3 хувьтай, ирэх онд 5.3-5.4 хувь орчимд хадгалагдана гэж үзэж байна. Энэ нь тус бүс нутагт хэрэгжүүлсэн Засгийн газрын бодлогуудынх нь зөв алхам, дээрээс нь өөрийнх нь дотоод эрэлт өндөр байсан хэрэг. Хөрөнгө оруулалт нэлээд хийгдсэн нь бүс нутгийн улсуудын эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалж байна гэсэн гол зөвлөмжийг өгсөн. Гэхдээ цаашид дөрвөн гол чиглэлд анхаарах нь зүйтэй гэсэн ерөнхий зөвлөмж өгсөн. Нэгдүгээрт, богино хугацааны эмзэг байдал дээр илүү дархлаатай, сөрөг нөлөө зардал багатай ашиглах тал дээр анхаарах. Ялангуяа, төсөв, мөнгөний бодлогын орон зайгаа хадгалах, үүн дээрээ нөөц боломжтой байх дээр анхаарах. Хоёрдугаарт, худалдааны дайн хоёр том гүрний хооронд эрчимжиж байгаа учраас бусад бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, худалдааны асуудлууд дээрээ илүү анхаарч, сайжруулснаар сөрөг нөлөөг хязгаарлаж чадна. Гуравдугаарт, тухайн бүс нутаг дахь эдийн засгийн бүтцийн шинжтэй салбаруудаа хувьчлах юм уу, эсвэл илүү либералчлах тал дээр анхаарах. Манай бүс нутгийн орнуудад төрийн өмчийн оролцоотой компаниуд цөөнгүй байдаг. Эдгээрийг илүү үр дүнтэй ажиллуулах тал анхаарах нь тодорхой бус байдлын сөрөг нөлөөг бууруулж, өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхэд эерэг нөлөөтэй. Эцэст нь, аливаа зүйлийн сөрөг шок орж ирэх, эрсдэл болон тодорхой бус зардал нэмэгдэхэд зардлыг хамгийн их хүлээж авдаг нь бага, дунд орлоготой иргэд, тэр дундаа эмзэг бүлгийхэнд хүндээр тусдаг. Тэдгээрийн амьжиргааг хамгаалах, тэдэнд очих сөрөг нөлөөг бага байлгах тал дээр илүү анхаарч, нийгмийн халамжийн бодлогоо үр дүнтэй байлгахад анхаарах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлт өгсөн.
-Гадаад орчны улам бүр тодорхой бус болж байгаа байдал гэдэг нь гадаад худалдааны дайныг хэлээд байна гэж ойлгогдож байна?
-Тийм. Хөгжиж байгаа орнуудын хөрөнгө их гадагшилж байна. АНУ-ын Төв банкны хүү өөрөө өсч байгаа учраас хөгжиж байгаа орнуудаас хөгжсөн орнууд руу урсах хөрөнгийн урсгал нэлээд эрчимжих хандлагатай байна. Монгол Улс шиг хөгжиж байгаа орнуудын хувьд санхүүгийн зах зээл дээр бонд, хөрөнгө татахад санхүүжилтийн зардал буюу хүү нь төдийлөн тааламжтай бус, улам хомс болж байна гэсэн үг. Мөн худалдааны асуудал хоёр дахь гол хүчин зүйл болж байна. Үүнээс шалтгаалаад ам.долларын ханш эргээд чангарч байна. Ихэнх орнуудын хувьд нийтлэг чангарч байгаа. Тухайлбал Казакстан улс 2018 онд ам.долларын эсрэг 11 хувиар суларсан бол Малайз улс 1 хувь, ОХУ гэхэд 17 хувиар суларсан байна. Индонез 9 хувиар, Чили 9 хувиар суларсан байх жишээтэй. Монгол Улсын хувьд 5.4 хувиар суларсан нь бусад улсуудтай харьцуулахад харьцангуй алгуур байна гэж харж байна. Гэх мэт гадаад эрсдэлүүд нэлээд нэмэгдэж байна гэдгийг онцолсон.
Төв банкнаас оны эхнээс хойш таван хувиар суларлаа гэсэн мэдээлэл өгсөн. Иргэдийг энэ дээр бухимдах шаардлагагүй. Биднээс шалтгаалж байгаа зүйл бишээ. Макро талаасаа худалдааны дайн нөлөөлж байгаа гэдгийг хэлж байсан. Ерөнхийдөө бол үнэн болж таарах гээд байна уу?
Сүүлийн үеийн төгрөгийн ханшийн сулралт бол бид нарын харж байгаагаар хоёр гол хүчин зүйл байгаа. Гэхдээ дийлэнх нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна уу гэж харж байна. Миний түрүүн хэлснээр нэгдүгээрт, хөрөнгийн урсгал хөгжиж байгаа орнуудаас зайлсхийж байна. Хоёрдугаарт, ам.доллар өөрөө бусад валютуудын эсрэг нэгэн зэрэг чангарч байгаа нь дарамт үзүүлж байх шиг байна. Дотоод талаас нь аваад үзэхэд 2017 оноос хойш эдийн засагт маш эерэг үзүүлэлт гарч байгаа. Гэхдээ 2018 оны сүүлийн хэдэн сарыг аваад үзэхэд гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэлийн алдагдал нэмэгдэх байдал ажиглагдаж байна.2018 оны наймдугаар сарын эцсийн байдлаар төлбөрийн тэнцэл 300 сая ам.долларын алдагдалтай гарсан. Урсгал тэнцлийн алдагдал нэлээд нэмэгдэж байна. Импортын өсөлт өндөр байна. Тухайлбал, найман сарын эцсийн байдлаар жилийн 38 хувиар, экспорт 13 хувиар нэмэгдсэн. Дээрээс нь газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байна. Манай улс шатахуунаа 100 хувь импортолдог орон. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр нэлээд дарамт учруулж байх шиг байна. Ийм байдлаар дотоодоос шалтгаалсан дарамтууд байгаа. Гэхдээ, дийлэнх нь гаднаас ирж байгаа сөрөг шокууд байна. Гэсэн хэдий ч манай экпортын гүйцэтгэл сайн байгаа. Нүүрс 2016 оны эцсээс хойш маш эрчимтэй, өндөр өсөлттэй байна. 2018 оны эхний найман сарын байдлаар зэсийн экспорт эрчимжиж эхэлсэн. Оюу Толгойн зэсийн баяжмалд агуулагдах алтны найрлага сэргэж эхэлсэн. Экспорт гүйцэтгэл сайн байгаа ч импорт харьцангуй их хэмжээгээр өсч байна. Манайх руу орж ирж байгаа хөрөнгө оруулалт их, бизнесийн идэвхжил нэмэгдэж байгаа нь импортыг богино хугацаанд хурдтай өсгөх нөхцлийг бүрдүүлж байна.
-Ийм тохиолдолд Дэлхийн банкнаас зөвлөсөн зүйл байдаг юм уу? Импорт хийх боломж нь байгаад байхад битгий хий гээд байлтай биш. Ямар зохион байгуулалттай арга хэмжээг авах ёстой байдаг юм бэ?
Манай улс импортоос өндөр хамааралтай. Эдийн засаг сэргэхэд дагаад импорт нь явдаг. Манай үзүүлэлтээс харахад ийм зүй тогтол ажиглагдана. Энэ нөхцөлд хамгийн гол нь дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй. Одоогийн байдлаар төсөв өргөн баригдсан. Нарийн тоонуудтай нь танилцаж амжаагүй байна. Гэхдээ нийтлэг дүр зургийг нь харахад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхөө хүрээнд том тоонууд нь зөв чиглэлд байна. Тухайлбал, төсвийн алдагдал буурах чиглэлд, өр үргэлжлүүлэн буурах чиглэлд төсөв өргөн баригдаж байна гэж ойлгож байгаа. Мөнгөний бодлого дээр нэгэнт импорт нэмэгдэж, гадаад тэнцэл дээр эрсдэл үүсэж байгаа орчинд мөнгөний бодлогыг илүү зохистой зөв хариу үйлдэл үзүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм болов уу гэж харж байна. Ялангуяа, зээлийн өсөлтийг хязгаарлах тал дээр нэлээд чиглэж ажиллаж байгаа байх. Инфляци долоон сарын сүүлээр нэлээд өссөн боловч наймдугаар сард эргээд алгуур буурлаа. Сүүлийн мөнгөний бодлогын шийдвэрүүдийг харахад нэгдүгээрт, зээлийн өсөлтийг бууруулах, хоёрдугаарт, гадаад секторын тэнцвэрийг хадгалах, гуравдугаарт, банкны сектор. Ялангуяа дунд, урт хугацааны банкны секторын тогтвортой байдлыг хадгалахад нэлээд чухал алхамуудыг хийж байна. Ханш дээр импорт нэлээд өсөөд байна, зээлийг бид нар бууруулах ёстой, нөгөө талдаа гадаад эрсдэлийн эсрэг хүүгээ өсгөх гэхээсээ илүү эхний ээлжинд алгуур арга хэмжээнүүдийг авч байгаа гэж харж байна. Бусад оронд хэлж заншсанаар макро зохистой бодлого гэж ярьдаг. Сүүлийн хоёр шийдвэрийг харахад макро зохистой бодлогын хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан. Тухайлбал, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа. Зээлийн өсөлтийг харахад энэ оны зургадугаар сар хүртэл хэрэглээний зээл маш эрчимтэй өсч байна. Банкны салбарын зээлийн бүтцийг харахад 50 хувь нь хэрэглээний зээл болоод байна. Хэт өсөөд байх нь эргээд эрсдэл учруулдаг. Тухайлбал, өрх гэрийн хувьд хэт их зээлийн дарамттай болчихоор зээлийн үйлчилгээнд ихэнх орлогоо зарцуулдаг, хэрэглээндээ зарцуулаад бусад зүйлдээ зарцуулах боломж нь байхгүй хасагдчихдаг. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлт дунд, урт хугацааны бүтцэд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Нөгөө талдаа эдийн засаг эргээд цочролд ороод, ажилгүйдэл нэмэгдээд, хүмүүсийн ажлын байр багасаад орлого багасахаар банкны салбарт сөрөг нөлөө авчрах үр дагавартай байдаг учраас Монголбанкнаас шат дараатай арга хэмжээ авч байгаа гэж бодож байна. Дээрээс нь, хэрэглээний зээлийн хугацааг 30 сар хүртэл хязгаарласан байна. Нөгөө талдаа ханшийн гадаад секторт үүсч байгаа сүүлийн үеийн өрнөлтөөс шалтгаалаад валютаар зээл авсан хэрэглэгчдийн эрсдэлийг бууруулах, дээрээс нь санхүүгийн салбарын ханшнаас авах сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авсан. Энэ нь валютын зээл дээр тооцдог эрсдэлийн жинг өсгөсөн. Энэ нь өөрөө хэт их хэмжээний эрсдэл үүрэх, хэт хэмжээний алдагдал хүлээхээс сэргийлж байна гэсэн үг. Энэ байдлаас нь харахад Төв банк юун түрүүнд хүүгээ өсгөх байдаг юм уу огцом алхамуудыг хийхээсээ илүү алгуур шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм болов уу.
Сүүлийн хэвлэлийн мэдээнээс харахад хэрэв шаардлагатай тохиолдолд бодлогын арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдээлсэн. Төсөв дээр түрүүн хэлсэн ерөнхий тоонуудыг нь харахад зөв чиглэлд явж байна уу? Түрүүн дурдсан долларын эсрэг валютууд нь унаж байгаа улсууд ямар хариу үйлдэл, арга хэмжээ авч байна вэ?
-Янз бүрийн арга хэмжээ авч байна. Аль болох төсөв, мөнгөний бодлогын орон зайг нэмэгдүүлэх, төсвйийн бодлого дээрээ хэт их тэлсэн биш байх. Төсөв тэлэх гэдэг нь дотоодын зах зээл дээрх валютын нийлүүлэлтийг нэмнэ, ханш дээр эргээд дарамт учруулдаг. Хэрэв гаднаас урсгал нь төдийлөн сайн биш бол нөгөө талдаа мөнгөний бодлого дээрээ үүнтэй нийцтэйгээр төдийлөн тэлсэн биш, зээлийн өсөлтөө хязгаарлах байдаг юм уу, гадаад шокийн эсрэг аль нь зөв байх уу эсвэл хүүгээ өсгөдөг юм уу, тухайн орноос гадагшилж байгаа урсгалыг сааруулахын тулд хүүгээ өсгөдөг ч юм уу төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч байна. Монголбанкны авч хэрэгжүүлж байгаа шиг макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийг авч байна. Үндсэндээ бодлогын чиглэл бусад орнуудаас гажсан хандлага одоогийн байдлаар ажиглагдахгүй байна.
Манай улсын хувьд газар зүйн байрлалаараа Хятадтай хөрш залгаа. Экспорт, импорт гээд харахад нэлээд хараат байдаг. Дэлхийн дайн гээд байгаа нь хоёр улсын дайн. Нэгэнтэй нь ийм их хамааралтай байхад бидний зүгээс илүү их анхаарах шаардлага гарч байна уу. Ямар арга хэмжээ авах ёстой байдаг юм бол?
–Эдийн засгийн өсөлт цаашдын хандлагыг харахад төдийлөн муугүй байгаа. 2018 онд Хятадын эдийн засгийн өсөлт 6.5, өнгөрсөн онд 6.9 хувиар өссөн. Алгуур буурна гэхдээ бууралт бол огцом биш. Яагаад гэвэл эдийн засгийн бүтэц нь аж үйлдвэрээс их хамааралтай маш их дархлаа сайтай байдаг. Богино хугацаанд илүү сөрөг нөлөө авч магадгүй гэсэн судалгаа байгаа ч гэсэн урт хугацаандаа АНУ илүү сөрөг нөлөөг авах ийм тооцоотой байгаа. Хятадын эдийн засаг мэдээж алгуур саарч байгаа. Нэгдүгээрт бодлогын шинжтэй, хоёрдугаарт, сүүлийн үед үүсэж байгаа сөрөг нөлөөлөл. Гэхдээ Монголын эдийн засагт айхтар сөрөг нөлөө үзүүлээд байхаар муу дүр зураг үзүүэлэхгүй байгаа. Хамгийн эхлээд мэдрэгдэх зүйл бол нүүрсний үнэ буюу түүхий эдийн зах зээл. Нүүрсний үнийн прогноз алгуур буурахаар байна, гэхдээ огцом биш. Энэ боломжийг ашиглаад манай улс ойрын хэдэн жилд Засгийн газар, бодлого боловсруулагчдын зүгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө тууштай, үр дүнтэй, эцсийн нь хүртэл хэрэгжүүлэх шаардлагатай. 2019, 2020 гэдэг бол Монгол Улсын хувьд чухал он. Яагаад вэ гэвэл 2021, 2022 оноос эхлээд том өр төлбөрүүдийг хийж эхэлнэ. Үүнээс өмнө бид нар бэлтгэлээ хангахгүй бол эргээд 2017 оны эхэн шиг нөхцөл байдал үүснэ. Яаж төлбөрөө төлөх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Ийм нөхцөлд орохгүйн тулд энэ боломжийг ашиглаад эдийн засгийн бодлогоо одоо тууштай үргэлжлүүлж, аль болох олсон орлогоо хадгалах нь хамгийн чухал байгаад байна. Гэхдээ бид нарт анхааралтай ажиглах он жилүүд байна. Яагаад гэвэл 2019 он гэдэг бол сонгуулийн өмнөх жил. 2020 он гэдэг бол сонгуулийн жил. Энэ дээр бодлого боловсруулагчид хамтарч ажиллах нь чухал байгаад байна.
Төсвийн төсөлд тусгасан төсөөллүүдийг харахад ам.долларыг 2530 орчимд тооцсон байна. Нүүрс 75.9 ам.доллар, зэс 6272 ам.доллар гэж таамгалсан байсан. Бодит байдал дээрээс хол зөрүүтэй байна гэж эдийн засагчдын зүгээс хэлээд байна. Төсөөллүүд хэр оновчтой байна вэ?
-2019 оны ерөнхий түүхий эдийн төсөөллийн хувьд Дэлхийн банк, ОУВС-гийн төсөөлөлтэй ойролцоо, хол зөрсөн зүйл байхгүй. Дотор нь өсөлтийг аваад үзэхэд өмнө төсөөлж байснаас түүхий эдийн үнийн төсөөлөл буурсан. Нэрлэсэн дүнгээр нь аваад үзэхэд төсвийн орлого, зарлага өсөлттэй байгаа юм уу гэж эхний дүгнэлтийг хиймээр байна. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 2018 оны зардалтай харьцуулахад 2019 онд төсвийн зардал 20 орчим хувиар өсөхөөр байна. Орлого нь 1.5-1.6 их наядаар хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс өсөхөөр байна. 2018 он бол онцгой жил. Илүүдэл орлого ихтэй жил болж байгаа. Энэ байдал 2019 онд хадгалагдана гэдэг таамаглалын төсөөлөл бий. Нэрлэсэн дүнгээрээ харахад өндөр өсөлттэй байна уу гэж харж байна. Гэхдээ ДНБ-д харьцуулаад орлого, зарлагаа харахад харьцангуй буурсан чиглэлд байгаа. Зарлага дотор задлаад харахад цалин, тэтгэвэрт 700 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Гол өсгөж байгаа зардал нь хөрөнгийн зардал. Гадны зээл тусламж биш, дотоосоо санхүүжүүлж байгаа хөрөнгийн зардал хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нэлээд анхаарал татаж байгаа. Хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэх шаардлага байна уу үгүй юу.
Хятад Улсыг оролцуулахгүйгээр Зүүн Аз Номхон далайн бүс нутгийн орнуудын хувьд эдийн засаг харьцангуй гайгүй болох нь гэж ойлгож болох уу? дэлхийн банк гэдэг байгууллага жилд хоёр удаа тайлан гаргаж байна. Ямар зорилго чиглэлтэй гэсэн үг вэ. ямар шаардлагын улмаас тайланг гаргаад мэдээллээд байдаг юм бэ?
–Дэлхий дээр хүмүүсийн мэддэг хоёр том санхүүгийн байгууллага байдаг. ОУВС, Дэлхийн банк. ОУВС бол богино хугацаанд макро эдийн засгийн хэлбэлзлийг зохицуулахад ажилладаг байгууллаг. Дэлхийн банк илүү дунд, урт хугацааны эдийн засгийн бүтцийн асуудлуудыг шийдэхэд чиглэдэг байгууллага. Ийм ч учраас дэлхийн банк 180 улсын гишүүнчлэлтэй. Эцсийн зорилго бол тухайн орон дахь ядуурлыг бууруулах. Ядуурлыг бууруулахын тулд тухайн оронд ямар эдийн засгийн бодлого, төсвийн арга хэмжээг хэрэгжүүлснээр эцсийн үр дүндээ хүрэх вэ гэдэг нь улс орон бүр дээр анхаардаг. Ийм учраас тухайн орныхоо дунд болон богино хугацааны салбарын эдийн засгийн төлвийг харж явдаг. Гишүүнчлэлтэй улс бүр дээр ямар эрсдэлүүд үүсч болохоор байна, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах зүйлсийг хэлж гишүүн улсууддаа туслах явдал. Бүгд нийцтэй, үр дүнтэй ажиллах тал дээр чиглэдэг. Дэлхийн банкны зүгээс Монгол Улсыг Зүүн Өмнөд Азийн бүс нутагт оруулдаг. Тийм учраам Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн тоймд Монгол Улс багтаж байгаа юм. Тийм ч учраам Монгол Улсад аль болох бодлого боловсруулагчдын хараагүй асуудлыг өөр өнцгөөс харж өгөх, эсвэл хоёр талын ярилцаж байгаа асуудлууд дээр нь анхааруулга өгдөг аль болох хамтарч хийж байгаа зүйлээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэх явдал. Эцсийн дүн дээ эдийн засаг нь өөрөө дархлаатай, дунд урт хугацаандаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй, ядуурлын түвшинг багасгах эцсийн зорилготой.
Гишүүн улсын хувьд бидний хараагүй өнцгийг хэлээд өгч байна. Шийдвэр гаргах түвшний хүмүүс маань хэр хүлээж авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг, авч хэрэгжүүлдэг дүр зураг харагдаж байна уу?
-Хоёр талаасаа байнга л хамтарч ажилладаг. Мэдээлэл солилцдог. Тухайлбал, хамгийн энгийн жишээ бол, бодлого боловсруулагчдид төсөв тооцоход нь түүхий эдийн үнийг авахдаа ОУВС юм уу Дэлхийн банкны төсөөллийг эхлээд хардаг. Эдийн засгийн талаар хамгийн их хардаг, авч ашигладаг, санхүүгийн мэдээллийг авдаг гол эх сурвалж бол Дэлхийн банк, ОУВС юм. Үйл ажиллагаанд нь байнга тусч явдаг гэсэн үг.