Энэ долоо хоногт буюу 10 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1413 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1057 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирч, таван хүн гэмтсэн ба нийслэлд 39 хүн гэмтэж бэртсэний 14 нь бага насны хүүхэд бөгөөд 13 хүүхэд нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсоны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 41 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр долоон осол, онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгдсэн бөгөөд өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад орон нутагт хүний амь нас хохирсон осол 50 орчим хуваир, гэмтсэн хүүхэд 20 орчим хувиар өссөн боловч ослын дуудлага, мэдээлэл, гэмтсэн хүн, нийслэлд амь нас нь хохирсон хүний тоо 25-50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.