1980-аад оны эхээр Дарханы геологи хайгуулын экспедицийн харъяа “Туулын III” анги үүсгэн байгуулагдаж Заамарын арын хөндийд хайгуул хийдэг байлаа. Миний ээж геологийн салбарт 10 гаруй жил ажилласан дээж угаагч. Хааяахан ээжийнхээ ажил дээр очиход урт усны гутал, резинэн бээлийтэй том дөрвөлжин төмөр саванд модон лотки нааш цааш савчуулан шороо угаадаг байв.
Энэ нь тухайн нутагт ямар ашигт малтмал байгааг тодорхойлох хамгийн чухал ажил байсныг хожим ойлгосон юм. Уул уурхайн салбар хөгжиж ашиглалт, олборлолт хүчээ авч байх зуур хайгуул хамгийн чухал салбар гэдгийг мэргэжилтнүүд төдийлөн ярихгүй байгааг анзаарч, битүүхэн харамсч байлаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд геологи, хайгуулын тухай илүүтэй ярьж, анхаарал хандуулж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт хайгуул, судалгааны анги болон геологичдын ажилтай танилцах боломж бидний хэдэн сэтгүүлчид олдов.
“МОНГОЛ ОРНЫ ГОЛЛОХ АШИГТ МАЛТМАЛЫН СУДАЛГАА” ТӨСӨЛ
Геологичийн үүргэвчинд будгийн болон балын харандаа, тэмдэглэлийн дэвтэр шугам, өнгийн бал, компус, алх, ажлын бээлий, томруулдаг шил ажлын багаж хэрэгсэл нь багтдаг.
Бидний дараагийн цэг “Геологийн судалгааны төв”-ийн Хээрийн V анги. Энэ анги “Монгол орны голлох ашигт малтмалын судалгаа” төсөл дээр ажилладаг. Өмнөд бүсэд эрэл үнэлгээний ажил хийж буй. Улаанбаатар хотоос 550 км-ийн зайд байрлах тус анги Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын заагт үйл ажиллагаа явуулж байна лээ. Хармагтайн ордоос 7-8 км-ийн зайд байрлаж буй төслийнхөн өнгөрсөн долдугаар сараас ажлаа эхлүүлсэн гэдэг. Тэр талбайд зэс, алтны илэрц өндөр байгааг Хээрийн V ангийн дарга, геологич Д.Төрмагнай онцоллоо.
Тэрээр “Гео гэдэг бол газар. Логи гэдэг нь сургааль гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чулуу яаж үүссэн, ямар хувиралд орсныг судалдаг ухаан” хэмээн тодотгосон. Тэд зэс, алтны төрлийн хүдэржилт байх боломжтой гэж үзэн өрөмдлөгийн ажлыг эхлүүлжээ. Одоогоор 500 метрийн гүнтэй найман цооног өрөмдсөн байна. Харин нөөцийн хэмжээ эцсийн шинжилгээ, судалгааны дараа тодорхойлогдох аж.
ҮҮРГЭВЧТЭЙ ГЕОЛОГИЧ
Геологичд хөх, улаан, ногоон будгийн харандааны “эрлэг”. Бас балын харандаагаар тэмдэглэлээ хөтөлнө. Үүргэвчиндээ цуглуулсан чулууг дээж гэнэ. Дээжнийхээ шинж чанар, хувирал, эрдэсжилт, насжилт, ямар элемент агуулсныг нь балын харандаагаар зурайтал тэмдэглэнэ. Ийнхүү хөтөлсөн тэмдэглэл цас, бороо, усанд хайлж урсдаггүй болохоор байнгын хэрэглэдэг гол зэмсэг нь болжээ. Хэн ч хаяагүй, гээгээгүй юмыг эрж, хайж явдаг геологичийн нэг өдөр ийнхүү үргэлжилдэг байна. Монгол Улсын газар нутгийн 40 орчим хувь нь судлагдсан байдаг. Гэтэл геологийн мэргэжлээр бэлтгэгдэх боловсон хүчин ховор байгааг салбарынхан онцолж байв.
Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай улсын хувьд байгаа хэдэн төслөө хэрэгжүүлж дууссаны дараа дахин шинээр эхлүүлэх ажилгүй нам суух вий гэх болгоомжлолыг нийтлэлээрээ дамжуулан дайя. Дашрдамд дурдахад, геологи, уул уурхай хоёр тусдаа салбар аж. Геологи хайгуулын ажлыг олборлолт, ашиглалт хэмээн ташаа ойлгож эсэргүүцэх хандлага элбэг тохиолддог юм байна. Геологи бол их талбай хамарч судалгаа хийсний дараа маш бага талбайг ашиглах боломжтой эсэхийг тодорхойлно. Бүр тодруулбал, газрын зургаас харвал ашиглах талбай цэг төдий харагддаг ажээ.
1 comment
ингээд л болоо юу