13-18 насны таван хүүхэд дэлхийн зулай Эверестийн оргилд гарч чадсан нь олны анхаарлын төвд байна. Энэтхэгийн Махараштра дахь Чандрапур хэмээх алслагдсан буйд суурингийн 10 хүүхэд дэлхийн дээврийг зорин гарснаас Маниша, Умакант Мадави, Пармеш Аале, Викас Соям, Кавидас Катмоде нар зорилгодоо хүрчээ.
13-хан насандаа Эверестийн оргилд гарч, хамгийн залуу авирагч болсон энэтхэг охин Малаватх Поорнагийн амжилтаас эдгээр хүүхэд урам зориг авсан аж. Тэд бусад авирагчийн адилаар Эверест ууланд авирахдаа Балбын талаас авиралтаа эхэлсэн байна.
Энэ улиралд Эверестэд авирах эрхийг 300 гаруй хүнд олгосон байна. Уг эрх нь багагүй үнэтэй байдаг. Хүүхдүүдийг аялалд явуулахыг анх санаачилсан Чандрапур дүүргийн өндөр албан тушаалтан Ашустош Салил нь Махараштрагийн засгийн газарт хүсэлт гаргаж, 40 сая рупи буюу 570 мянга гаруй ам.долларын санхүүжилт авч чадсан байна. “Бид тэдгээр хүүхдүүдийн өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хийгээд бусад хүнд урам зориг өгөх зорилгоор үүнийг хийсэн” гэж А.Салил мэдэгджээ.