Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуй нэгж байгуулагууллагын төлөөллүүдтэй уулзаж санал солилцов. Тус уулзалтаар 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйлчилгээндээ анхаарч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Хот хоорондын зорчигч тээвэрлэх 86 чиглэл батлагдсанаас 71 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагын 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтой үйл ажиллагаа явуулж, 1612800 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар танилцууллаа. Мөн улс, хот хооронд тээвэрлэлт хийдэг 754 том оврын автобусыг буюу 77 хувийг нь техникийн хяналтын ээлжит үзлэгт хамруулсан байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дагалдах хэрэгсэл, тоноглолыг бэлдэж, осол саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн түргэн тусламжийг бэлэн байлгаж хоорондоо уялдаа холбоотой ажиллах, тээврийн хэрэгсэл бүр хар хайрцагтай байх зэрэг шаардлагуудыг тус үйлдвэрийн газраас тавьсан юм.