Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Ууулзалтын үеэр “Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн.
2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана.
Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя” хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлсэн юм. Харин МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газрын хуралдаанаараа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцэн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бидэнтэй уулзаж ярилцсан. Асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна.
Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй” гэв. Мөн тэрбээр ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх Даваа гарагаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ.
Мөн МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.