Агаарын бохирдол хүмүүс бидний оюун ухаанд нөлөөлж байгаа талаарх судалгааг Хятадын Ялигийн их сургууль, Бээжингийн их сургууль болон АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академийн судлаач эрдэмтэд тус тусдаа хийжээ. Бээжингийн их сургууль, Ялигийн их сургуулийн судлаачид агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдарч буй 25 мянган хүнээс математик болон англи хэлний тестийг хооронд нь зайтай хоёр ахиж авч, туршжээ.
Үр дүнд нь дөрвөн жилийн өмнө тест өгсөн хүмүүсийн сэтгэн бодох чадвар, ой тогтоолт энэ хугацаанд тодорхой хэмжээгээр муудсан болохыг тогтоосон байна. Харин америк эрдэмтэд Бээжингийн 32 мянган хүн дээр дээрхтэй төстэй судалгааг Хятадын мэргэжил нэгтнүүдээсээ тусдаа явуулсан аж.
Ингээд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгч Бээжин хотын иргэд, ялангуяа ахмад настнуудын ой тогтоолт, сэтгэн бодох чадвар муудаж байгаа гэсэн ижилхэн дүгнэлтэд хүрчээ. Хятад, Америкийн судалгааны багийнхны санал нэгдэж байгаа өөр нэг зүйл нь агаарын бохирдолд Бээжин хотын гадаа ажилладаг ажилчид, мөн өглөө эртлэн босч дасгал хийдэг ахмад настнууд илүүтэй өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгаа гэнэ.
Судалгааг удирдан явуулсан Бээжингийн их сургуулийн эрдэмтэн Зань “Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй эдийн засаг, хүний нөөц, нийгмийн халамжинд хүртэл муу нөлөөг үзүүлээд эхэлчихсэн” хэмээн ярьж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай гаригийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хот бүгд хөгжиж буй орнуудын хотууд байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Энэ нь шинэ тутам хөгжиж байгаа улс орнуудын аж үйлдвэрлэл нүүрсхүчлийн хийг төдий чинээ их ялгаруулж байгаа гэсэн үг аж. Хятадын хойноос агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгч улс бол Энэтхэг юм. Энэтхэгт агаарын бохирдоос болж нас барагсдын 75 хувь нь тус улсын хөдөө орон нутгийн хотуудад оногдож байгаа аж.
Тэгвэл бидний амьдран буй Улаанбаатар хот ч мөн адил дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд багтсан бөгөөд манай нийслэлийн агаар мандал дахь хортой тоосны хэмжээ ДЭМБ-аас тогтоосон стандартаас даруй зургаагаас долоо дахин их хэмээн Дэлхийн банкны албан ёсны цахим хуудсанд бичжээ.
Тус байгууллагын цахим хуудсанд “Бид Монгол улсын засгийн газартай агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдэл олохын төлөө хамтран ажиллаж байна. Монголын засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд 45 сая ам.долларыг хандивлагчдаас авч зарцуулсан” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Shanghai.ist, CNN, World Bank