Манай улс архидалтын түвшинээр дэлхийд дээгүүрт жагсч байна

НҮБ-ын мэргэжилтнүүдийн дэлхийн улс орнуудад хийсэн архидалтын түвшиний судалгаагаар манай улс дэлхийд наймдугаарт жагсчээ. Манай улсад насанд хүрсэн иргэдийн 53 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг бол нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ногддог гэх статистик баримт бий. Тэгвэл дэлхийн хүн амын дөрөвний нэг буюу хоёр тэрбум хүн согтууруулах ундаа хэрэглэдэг байна. Үүний 63 хувийг эрчүүд эзэлдэг аж.
НҮБ-ын мэргэжилтнүүдийн гаргасан дээрх судалгаанд нийт 95 орны 1990-2016 оны статистик мэдээллүүдийг нэгтгэсэн нь өргөн цар хүрээг хамарчээ.Мөн архидалтаас болж нас барагсдын үзүүлэлтээр хуучны Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд болон Африкийн орнууд толгой цохижээ. Тухайлбал, уг жагсаалтыг Лесото тэргүүлсэн бол ОХУ, Төв Африк, Украин, Бурунди тавд орсон байна. Түүнчлэн архийг хамгийн бага хэрэглэдэг улсуудаар Иран, Палестин, Ливи, Саудын Араб, Йемен, Иордан, Мальдивийн арлууд, Сингапур, Сири шалгарчээ.