ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олголоо. Энэхүү шагналыг газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад хоёр жилд нэг удаа олгодог байна.
Д.Доржготов өдгөө 78 настай. Тэрээр сүүлийн 55 жилийн турш ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран газар зүйн судалгаа хийжээ. 22 настайдаа эхлүүлсэн ажил нь өнөө ч салбарынхаа толь бичиг болон хэрэглэгдэж байгаа юм. Хөрсний зураг зохиосон, хөрсний ангиллыг анх удаа боловсруулж тодорхойлсон, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлсон гээд түүний салбартаа хийсэн маш олон. Одоо тэрээр сүүлийн 100 жилийн хугацаанд Монгол орны хөрс хэрхэн өөрчлөгдсөнийг судалж байна.
Монгол, Оросын хамтарсан судлаачид өнгөрсөн хугацаанд Сэлэнгийн сав газрын экологи газар зүйн үнэлгээг хийсэн нь томоохон ажлуудын нэг юм байна. ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн энэхүү шагналыг Ази тивээс хүртэж байгаа 2 дахь хүн нь Д.Доржготов. Өмнө нь уг шагналыг БНХАУ-ын хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ.