“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор МУИС-ийн Хуульзүйн сургуулийн дэд захирал, доктор, профессор А.Бямбажаргалыг урилаа.
НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛДАГ
Монгол Улс 630 орчим хуультай. Үүнээс 300 орчим нь хүмүүсийн өдөр тутмын амьдралыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хууль гэхэд 26 байх нь. Түүн дээр нэмэлт өөрчлөлт, хүчингүй болгох тухай хуулиуд орно. Хэдийгээр амьдралын харилцааг зохицуулахгүй ч эдгээр хуулиуд 630 хуулийн нэг хэсэг болсоор байгаа. Бусад улсуудад ч мөн ийм л зарчмаар ажиллана. Жишээлбэл, Солонгос улсад 1400 орчим хууль бий.
Түүний 1200 орчим нь өдөр тутмынх нь амьдралыг зохицуулж байдаг. Эндээс харвал манай хууль олон, цөөн эсэх биш нийгмийн харилцааг зохицуулж байгаа эсэх хамгийн чухал. Түүнчлэн Америкийн муж улс бүр хуультай байхын зэрэгцээ холбооны тухай хуультай. Тэгэхээр улс орнуудын хувьд хууль батлахаас өөр ажил байхгүй мэт. Мэдээж нийгмийн харилцааг зохицуулахын тулд хууль зайлшгүй байх хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр гадны хуулийг орчуулан ямар ч өөрчлөлтгүйгээр хуулбарласан тухай шүүмжлэл гардаг. Гэвч аль ч улсын хувьд хуулийг зээлдэн нутагшуулж болдог. Бүхий л салбарт энэ мэтчилэн процесс гарч байдаг шүү дээ. Тухайлбал, лизинг, франчайзингийг манай улс нэвтрүүлсэн.
Зарим зүйлийг үндэсний онцлогт нийцүүлэн зохицуулна гэж байдаггүй юм. Бидний хамгийн сайн мэдэх жишээ гэвэл түргэн хоолны газрууд. “Pizza hut”, “KFC” гээд дэлхий даяар тархсан хоолны газрыг манайд франчайзингийн гэрээгээр оруулж ирсэн. Тэгэхээр дэлхий нийтэд 200-300 жилийн турш тогтсон хэм хэмжээг өөрчлөх хэрэггүй. Тиймээс зарим зүйлийг хэт монголчилж, өөрсдийнхөө хэв маягт тааруулах нь эрсдэл дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй.
ЭРГЭЛЗЭЭ БА ХЭМ ХЭМЖЭЭ БЛИЦ
Алтангэрэлийн Бямбажарал Эрдмийн зэрэг, цол:Хууль зүйн доктор (S.J.D) Төгссөн сургууль: МУИХуульзүйн сургуулийн магистр, БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургууль доктор Ажилласан байдал: 2007 онд МИУС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, 2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, 2015 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Мэргэшил:Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй, Харьцуулсан эрх зүй.
Гадаад хэл:Англи, Солонгос. Нэгэнт баталсан хуулийг ямар нэг эргэлзээгүйгээр дагаж мөрдөх нь хүн бүрийн үүрэг байх учиртай. Гэтэл монголчууд дасан зохицох чадвартай гэдэг үгээр халхавчлан сөрөг үр дагавар учруулдаг жишиг гарсаар байна. Жишээлбэл, хуульд зааснаас өөрөөр хэрхэн зохицуулж болох вэ гэдэг гарц хайж эхэлдэг нь сөрөг үр дагавартай байдаг. Бусад улс орны хувьд төрсөн цагаасаа л хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах учиртай гэдгээ ухамсарласан байдаг шүү дээ.
Манай улсын хувьд хууль ялгавартайгаар үйлчилж байгаа тухай шүүмжлэл гардаг. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлнэ гэдэг маш том асуудал. Нэг талаар хэм хэмжээ, хэрэгжилтээс улбаалан үүдэж буй шалтгааныг арилгах учиртай. Түүнчлэн зөв, буруу хууль баталсан тухай шүүмжлэл ч бий. Эдгээрийг хэмждэг хэмжүүр нь Үндсэн хууль. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд бүхий л хууль Үндсэн хуульд нийцэх ёстой.
Тухайн улсын хувьд үндэсний аюулгүй байдал, бусад зүйлсийг Үндсэн хуулиараа тогтооно. Тодруулбал, иргэн ямар эрх үүрэгтэй байх вэ, улсын хувьд ямар засаглалтай байх вэ, нийгмийг ямар механизмаар хөгжих вэ, юунд зорьж байгаа вэ гэдгийг Үндсэн хуульд тусгаж байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийн гол дүрэм байдаг. Хэрэв Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан улс болно хэмээн Үндсэн хуульдаа тусгасан бол түүнд зориулсан хуулиуд бичигдэж эхэлнэ. Энэ мэтчилэн Үндсэн хуульд заасан хэм хэмжээнд тохирсон хуулийг санаачилж, баталж, түүнийг дагаж мөрдөх учиртай гэсэн үг.
ХЭРЭГЛЭЭ БА ХЭРЭГЖИЛТ
Үндсэн хууль өөрчлөгдөшгүй зүйл огт биш. Түүнийг нийгмийн харилцаанд тулгуурлан өөрчилж, шинэчлэх учиртай. Гэхдээ бүхий л асуудлын гол зангилаа нь Үндсэн хууль гэдэг мэдээллийг улстөрчид нийгэмд түгээсэн. Судлаачдын хувьд өөрчилнө, өөрчлөхгүй бас юуг нь өөрчлөх вэ гэдэг байр суурьтай байгаа.
Миний хувьд өөрчлөлт хийхдээ юуг нь өөрчлөх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй гэж үздэг. Нөгөөтэйгүүр Үндсэн хууль дээр бичсэн зүйл үг, үсэгчлэн хэрэгждэг үү гэдэг асуулт гарч ирнэ. Үнэн хэрэгтээ хэрэгжихгүй байгааг хүмүүс ярьсаар л байна. Эргээд харахаар өнөөх л хүн бүрийн хэлдэг хуулийн хэрэгжилт хаана байна вэ гэдэг асуултад хариулах нь зүйтэй. Гэхдээ үндсэн хуульд юуг ч бичиж болно. Жишээлбэл, Америкийн Үндсэн хууль бичмэл үндсэн хуулийн хамгийн анхных нь.
Тэнд боолчлолын талаарх заалт орсон байдаг. Одоо ч бий. Гэвч боолчлол хэлбэрээр хэрэглэдэггүй. Эндээс харвал, хуулийн хэрэглээ нь шүүх эрх мэдэлтэй холбоотой. Харин хэрэгжүүлэх нь гүйцэтгэх эрх мэдлийн хийдэг ажил.
ХУУЛИЙН ҮНЭ, ЦЭНЭ
Хууль бодит амьдралд хэрэгжихгүй бол хэвлэсэн цааснаас ч үнэ цэнэгүй гэж үздэг. Тэгэхээр хуулийг үнэ цэнэтэй болгохын тулд хэрэгжүүлэхээс гадна хэрэглэх асуудлыг хэлэлцэх учиртай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн тодорхой зохицуулалт, заалт, нэмэлт, дэвшил зэргийг сайтар тунгаах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ Үндсэн хууль замын хөдөлгөөний дүрмээс огт өөр зүйл. Учир нь Үндсэн хуульд тухайн улсын үзэл баримтлал, үнэт зүйлс, хөгжлийн бодлого, хүний эрхийн асуудлыг тусгасан байдаг.
Гэтэл хуулийг хэрэглэхдээ суурь үзэл баримтлалаас гажуудуулвал яах вэ гэдэг асуулт гарна. Тэгэхээр хуулийг хэрэглэж буй шүүхийн байгууллага бүр тодруулбал Үндсэн хуулийн цэц хэн нэгний захиалгаар гэнэтийн шийдвэр гаргавал суурь үзэл баримтлал ганхаж эхэлдэг. Жишээлбэл, 2016 оны УИХ-ын сонгуулиар болсон үйл явцыг хүмүүс санаж байгаа болов уу. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд шууд, чөлөөтэй, нууцаар санал өгөх эрхтэй.
Гэтэл тухайн үед эрх бүхий намуудын захиалгаар Үндсэн хуулийн цэц санал өгөх тухай заалтыг өөрөөр тайлбарласан байдаг. Шууд саналаа өгөх ёстой гэж заасан байтал намын жагсаалтаар оруулж ирж болно гэж шийдвэрлэсэн. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн заалтыг өөрчлөхгүй бол холимог болон пропорциональ системээр сонгуулиа явуулж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Ингэснээр цөөнх болгож болох байсан хүмүүсийн санал гээгдсэн шүү дээ.
Тэгвэл бид үндсэн хуулиа хэрэглэх хүрээндээ засч, сайжруулж болох дэвшилтэт зүйлийг оруулах уу гэдэг зүйл тулгарна. Хэдийгээр Америкийн үндсэн хуульд боолчлох тухай заалт байгаа ч Холбооны дээд шүүх нь боолчилж болно гэдэг шийдвэрийг орчин цагт гаргаж болохгүй гэдгийг мэдэж байгаа нь хэрэглээний үнэт зүйл болж хувирсан хэрэг. Тэгэхээр хуулийг хэрэглэхдээ цаг үетэйгээ уялдуулах нь зүйтэй гэсэн үг. Ингэхдээ хэн нэгний шахалт, шаардлагад нийцүүлж Үндсэн хуулийн гол үзэл баримтлал, зарчмыг өөрчлөх хэмжээнд гажуудуулж болохгүй гэдгийг ойлгох учиртай. Хэрэв энэ мэтээр гажуудуулбал хүссэн ч эс хүссэн гол буруутан нь Үндсэн хууль болж хувирдаг юм.
ХУУЛЬЧ БА ШҮҮГЧ
Хуулийг гажуудуулж байгаа нь зөвхөн хуульчидтай холбоотой мэтээр хүмүүс ярьдаг. Гэхдээ энэ нь шүүхийн байгууллагад ч хамаатай зүйл. Өөрөөр хэлбэл, зүй ёсны шийдвэр хэрхэн гардаг вэ гэдгийг харах хэрэгтэй. Эхлээд гарч байгаа шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байж зүй ёсны шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл энэ дараалал өөрчлөгдвөл буруудах магадлал үүснэ. Тодруулбал, яагаад вэ гэдэг асуултад хариулахаас илүү ямар шийдвэр гарах вэ гэдэгт анхаарснаар зүй ёсны дараалал өөрчлөгдөж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, гарах шийдвэр тодорхой болсны дараа хуульчид нийцүүлсэн тайлбар хийх нь шударга ёсны шийдвэр байх боломжгүй. Түүнчлэн хууль гэдэг нь тоо бодохоос өөр зүйл. Хуулийг хэрхэн яаж хэрэглэх вэ гэдгээс хамаарна. Бүр тодруулбал, хуулийн заалтыг өөр, өөрөөр тайлбарлах нь энэ шинжлэх ухааны гол цөм байдаг. Хэрэв тухайн хүн хууль зөрчсөн үйлдэл хийсэн байтал нь хийгээгүй гэж шийдвэрлэвэл гажуудал.
Харин гэмт хэрэг үйлдсэн этгээд ямар шалтгааны улмаас үйлдэх болов, хуулийн зүйл заалт тохирсон эсэх асуудлаар хуульчид маргаж байвал энэ нь зүй ёсны хэрэг. Энэ нь хуулийн хэрэглээний маргаан юм. Хэдийгээр хуульчид хуулийн зүйл заалтад нийцсэн эсэхийг хэлэлцсэн ч эцсийн шийдвэрийг шүүгч гаргана. Тэгэхээр шүүгчид хэн нэгний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж эхэлвэл хуульчид хэчнээн маргаад ч нэмэргүй.
Нөгөө талаас нь харвал, хуулийн тайлбар гэдэг бол зөвхөн текстэнд тулгуурладаг зүйл биш гэдгийг барууны эрх зүйн онолд номлодог. Асуудлын гол нь хуульд заасан зүйлийг орчин цагийн нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шийдвэрлэдэг байх ёстой. Түүнээс гадна хэрэгжүүлэх зарчмыг тодорхой болгох хэрэгтэй. Монгол гэр бүл Америкт амьдрахаар очжээ. Тэнд амьдрах байрны эзэн зузаан ном өгч “Манай байрны дүрэм, журам” гэж хэлсэн байдаг.
Гэтэл хүүхэд нь асуудал гаргасан байна. Гэтэл байрны эзэн байрны дүрмэнд ийм үйлдэл хийж болохгүй гэж заасан учраас хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн байгаа юм. Тухайн гэрийн эзэгтэй эрх чөлөөний орон гэгдэх Америкаас ч илүү эрх чөлөөтэй байж болох газар нь Монгол юм байна гэж ярьж байсан.
Тэгэхээр эрх чөлөө гэдэг дур зоргоороо авирлах, хэн нэгэнд саад болохыг хэлдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Суурин улс орнуудын хувьд бусдад саад болохгүй байх хэм хэмжээг хууль, дүрэм журмаар зохицуулсан байдаг. Түүний дагуу амьдрах нь эрх чөлөө гэж ойлгодог.
Манай улсын хувьд 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн үйлдэлд ял оногдуулдаг. Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээнээс илүүтэй хулгай хийсэн гэдэг үйлдлээрээ хорих ял авдаг. Хэдийгээр хохирлын хэмжээ ялгаатай боловч үйлдэлд ял оногдуулж байгаа учраас хүмүүст ялгавартай хандаж байгаа мэт харагддаг болов уу. Бидний амьдралыг зохицуулж байгаа маш олон хууль бий. Гэхдээ ямар хууль, хэрхэн үйлчилдэг вэ гэдгийг мэдэхгүй байснаараа хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл болохгүй. Тэгэхээр хүн бүр мэдэх эрхээ эдэлж сурах ёстой. Бүх хуулийг олон нийтэд нээлттэй байлгадаг. Адаглаад www.legal.info.mn цахим хуудаст байгаа хуулийг татаж унших боломжтой.
ХЭН ЗАХИРЧ БАЙНА, ТҮҮНИЙ ДҮРМЭЭР ТОГЛОНО
Хууль өөрчлөгддөг гурван гол шалтгаан бий. Нэгдүгээрт, өөрөө чөлөөтэй сонгох гэдэг нь хамгийн чухал заалт. Хоёрдугаарт, тухайн улсын газар зүйн байрлал хамаатай. Өөрөөр хэлбэл, ямар улстай хил залгаа оршиж байгаа зэргээс хамааран хэм, хэмжээ нь өөрчлөгддөг. Гуравдугаарт, тухайн улсыг колончилсонтой холбоотойгоор эрх зүйн орчин өөрчлөгддөг. Гэхдээ цаг үе хувьсан өөрчлөгдөж байгаагийн хэрээр колони улс болох нь зөвхөн газар нутагт хамааралтай биш. Эдийн засгийн хувьд бие даасан байдлаа алдан хэн нэгнээс хараат болох нь колончлогдох нэг шинж.
Жишээлбэл, Солонгос улс сүүлийн 100 жилийн дотор эрх зүйн орчин нь маш олон өөрчлөгдсөн байдаг. Япон болон Америкчууд ихээр орж ирсэнтэй холбоотойгоор эрх зүйн орчин өөрчлөгдөхөөс гадна дүрэм журам, амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, хэн захирч байгаагаас хамааран түүний хүссэн дүрмээр тоглоно гэсэн үг. Сүүлийн үед Солонгосчуудын эдийн засагтай холбоотой бүхий л асуудлыг Америкийн дүрмээр шийдэж байна. Бидний хувьд ч ялгаагүй энэ замыг туулж ирсэн шүү дээ.
Нөгөөтэйгүүр, манай улсын хувьд төрийн буюу захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль захирагдаж ажиллах ёстой гэдэг зарчим үйлчилж эхэлсэн. Мэдээж хууль нь Үндсэн хуульдаа захирагдана. Захиргааны шүүх нь захиргааны байгууллага буюу төрийг хянадаг газар юм. 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчимд хүний эрх, эрх чөлөө гэдгийг тусгасан. Ингэхээр эрх зүйт төрийн гол зарчим ажиллаж эхэлнэ.
Төрийн буюу захиргааны гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэх ёстой гэсэн асуудал гарна. Хэрэв хуульд нийцээгүй бол шүүхэд хандаж болно. Гэтэл саяхан энэ зарчмыг алдагдуулах шийдвэрийг гаргахыг санаархаж байгаа нь харамсалтай зүйл. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар Монгол Улс дэлхийд гурав дахь улс нь болж байсан. Гэвч энэ алхмаасаа ухарахаар зэхэж буй нь харамсалтай.
Угтаа бол төрийн байгууллага аливаа шийдвэр гаргахдаа иргэнээс асуудаг байх хэрэгтэй. Захиргааны байгууллага хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой юм. Энэ хууль иргэн, хуулийн этгээдийг хамгаалах зорилготой байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Оюунчимэг